МИАТ компанийн тасалбарын үнэ дээр “Дайны эрсдэлийн даатгал” нэрээр таван ам.доллар нэмж, түүнийгээ Хонконгоор дамжуулан угаасан хэргийг гурван шатны шүүх хэлэлцэн, мөнгө угаасан үйлдлийг нь Дээд шүүх хэрэгсэхгүй болгочихоод буй. Ингэж хэрэгсэхгүй болгосон нь манай улсын хууль эрх зүйн орчин тогтворгүй, Эрүүгийн хуульд 2002 оноос хойш орсон гурван удаагийн өөрчлөлттэй холбоотой гэх. Дээд шүүх уг хэргийг 2005-2006 онд үйлдэгдсэн гэж үзээд хэрэгсэхгүй болгосон. Тэр үед Эрүүгийн хууль дахь мөнгө угаах гэмт хэрэг гэсэн зүйл заалт хасагдсан байсан аж. Гэтэл уг хэрэг одоо ч үргэлжилж байгаа гэдгийг хууль хяналтын байгууллагынхан хэлж байна. Тухайлбал, энэ хэргийн гол зохион байгуулагч гэх Ч.Хоролсүрэнгийн нэр дээр мөнгө орж ирсээр байгаа гэнэ.
Мөрдөн байцаалтын явцад тогтоогдсон 6.9 сая ам.долларын 70 орчим хувь нь Монголын банк руу орж, хэрэгт холбогдогчдын дансаар орж, гарсан бол үлдсэн 30-аад хувь нь одоо ч орж ирж буй гэнэ. Бидэнд олдсон мэдээллээр МИАТ-ын Санхүүгийн цогц программыг шинэчлэх төсөл хэмээн ямар ч тендергүйгээр “Навиволд Монголиа” гэх компанитай гэрээ байгуулж, 540 мянган ам.доллар шилжүүлжээ. Энэ нь нэлээд хугацааны дараа “Транс трейд Би Би Эс Би” компанийн дансанд орж, Ч.Хоролсүрэнгийн нэр дээр шилжсэн байна. Мөн электрон тийзийн дэмжлэг, төлбөр гэсэн нэрээр 310 мянган ам.доллар Хонконгийн IATAETS болон BSP marketing гэх компани руу шилжүүлж, улмаар Монголд орж ирэхэд нь Ч.Хоролсүрэн авч ашигласан байжээ.
Г.РАВЖАА