Өмнөговь аймаг дахь орон нутгийн “Тавантолгой” ХК-ийн захирал асан Х.Түмэнбаярыг АТГ-аас баривчилж, цагдан хорих 461 дүгээр ангид саатуулан шалгаж эхлээд байна. Түүнийг ямар үндэслэлээр баривчлан шалгах болсныг АТГ-аас нууцалж байгаа ч төрийн өмчит “Эрдэнэс Тавантолгой” компанийн тусгай зөвшөөрөлтэй талбайд хөрсний овоолгоо байршуулж, ашиг олсон хэмээн буруутгасан бололтой. Гэхдээ албаны эх сурвалжийн хэлснээр Х.Түмэнбаярыг тус компанийг удирдаж байхдаа албан тушаалаа ашиглан улс төрийн намыг санхүүжүүлсэн, Даланзадгад суманд баригдсан дээд зэрэглэлийн хувийн зочид буудлынх нь хөрөнгө оруулалтын эх үүсвэр зэргийг шалгаж байгаа юм байна.
Х.Түмэнбаярын хувьд АН-ын харьяалалтай, УИХ-ын гиш үүн, Батлан хамгаалахын сайд “Ажнай” Бат-Эрдэнийн хүн гэгддэг. Түүний дэмжлэгээр “Тавантолгой” ХК-ийн захирлаар сүүлийн 5-6 жил тасралтгүй ажиллаж, 2012 оны Орон нутгийн сонгуулиар аймгийн ИТХ-ын даргаар сонгогдсон. Өнгөрсөн есдүгээр сард энэ албан тушаалаасаа сайн дураараа татгалзсан нь дээрх хэрэгтэй холбоотой байсан гэсэн мэдээлэл байна.
Х.Түмэнбаярын энэ хэргийг албан тушаалынх гэхээсээ илүүтэй нөлөө бүхий өндөр албан тушаалтнуудын холбогдсон том хэргийн сэжим болгохоор АТГ-ынхан өндөр хэмжээнд нууцалж байгаа бололтой.
Д.ЭРДЭНЭ