Төрийн албанд мэргэжлийн бус хүмүүс шургалж, ашиг сонирхлын зөрчлийн улмаас төрийн ажил саатаж буй талаар иргэд АТГ-т мэдээлэл ирүүлжээ. Сэлэнгэ аймаг дахь Гаалийн газрын дарга Х.Нармандах нь барилгын инженер мэргэжилтэй, уг албан тушаалд томилогдохоосоо өмнө төрийн албанд болон гаалийн байгууллагад ажиллаж байгаагүй юм байна. Ийм хүнийг томилсон нь Төрийн албаны тухай хуулийг зөрчжээ. Мөн газрын орлогч даргаар ажиллаж байсан Д.Батбаатар нь эхнэрийнхээ дүүд гаалийн бүсэд нэвтрэх үнэмлэх гаргуулсныг тогтоосон байна.
АТГ-аас Гаалийн ерөнхий газарт албан бичиг хүргүүлж, зөрчил гаргасан дээрх албан тушаалтнуудад сахилгын шийтгэл ногдуулжээ. Говь-Алтай аймгийн Цогт сумын Засаг дарга Н.Самбын эхнэр Л.Пагмадулам нь ИТХ-ын нарийн бичгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр ажилладаг аж. Н.Самба нь УБИС-ийг биеийн тамирын багш мэргэжлээр, Удирдлагын академи төгссөн гэх дипломтой, эхнэр Л.Пагмадулам нь МУИС-ийн Хууль зүйн сургуулийг эрх зүйч мэргэжлээр төгссөн дипломтой ч хуурамч болохыг Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын хяналт шалгалтаар тогтоожээ. Хуурамч диплом ашигласан тэдэнд эрүүгийн хэрэг үүсгэжээ.