Хууль зүйн “MDS Associates” компанийнхан АТГ-ын захиалгаар төрийн байгууллагуудын авлигатай тэмцэх үйл ажиллагааг үнэлснээ өчигдөр мэдээлэв. Энэхүү судалгаанд 16 яам, 27 агентлаг хамрагджээ. Төрийн байгууллагууд авлигатай тэмцэх ажилд идэвхтэй оролцож, цахим сайтдаа ил тод байдал гэсэн булан нээн байгууллагын бүх мэдээллийг иргэдэд нээлттэй болгох үүрэгтэй.
Гэтэл ИНЕГ, ОБЕГ, Оюуны өмчийн газрын сайт огт ажиллахгүй байгаагийн дээр авлигын эсрэг хэрхэн яаж тэмцэж, ямар ажил хийж буй талаарх мэдээлэл тавиагүй байжээ. Авлигын эсрэг тэмцэж буй ч энэ төрлийн гэмт хэрэг буурахгүй, төрийн албан хаагчид өртөж буйг энэ судалгаа харуулж байна.
Энэ оны байдлаар авлигын 16 хэрэгт 24 төрийн албан хаагч холбогджээ.Эдгээр хэргийн нэгийг л тухайн байгууллага өөрийн дотоод аудитаар илрүүлсэн аж. Долоон хэргийг иргэд, олон нийтийн мэдээллээр илрүүлсэн бол АТГ-ынхан найман хэргийг мөрдөн шалгах ажлын явцдаа илрүүлсэн байх юм.
Авлигын эсрэг олон ажил хийж, мэдээлэл нь иргэдэд ил тод байсан байгууллагын тоонд Улсын бүртгэлийн ерөнхий газар, Цөмийн энергийн газар, Үйлдвэр, хөдөө аж ахуйн яам, Хил хамгаалах ерөнхий газар, Худалдан авах ажиллагааны газар, Санхүүгийн зохицуулах хороо, Хөдөлмөрийн яам багтжээ. Харин тендер, санхүүгийн мэдээлэл, иргэдийн хүссэн баримтыг олон нийтэд дэлгээгүйн улмаас бага үнэлгээ авсан нь Төрийн албаны зөвлөл, Эрчим хүчний яам, Монгол банк, Гадаад харилцааны яам, Оюуны өмчийн газар, Гаалийн ерөнхий газар, Газрын тосны газар юм байна. Ялангуяа гадаад харилцааны яам цахим хуудсандаа гадаадад хийсэн айлчлал, гаднын ямар төлөөлөгч ирсэн талаарх мэдээлэл их байдгийг үнэлгээ хийсэн компанийнхан онцлов. Яам, тамгын газар, агентлагууд авлигын эсрэг үйл ажиллагаанд огт зардал гаргадаггүй нь тогтоогджээ. Түүнээс гадна удирдлагууд мөнгө төсөвлөх хүсэл эрмэлзэлгүй байдаг аж.
Авлигад өртөмтгий байгууллагад гааль, татвар, ашигт малтмалын чиглэл хариуцдаг байгууллага гэж иргэд хэлсэн нь ор үндэсгүй зүйл биш аж. Үнэлгээнээс харахад авлигын хэрэгт ИНЕГ-ын тав, Газрын тосны газар, Ашигт малтмалын газар, Татварын ерөнхий газрын тус бүр гурван ажилтан авлигын хэрэгт татагдаад байгаа юм байна. Хууль зүйн “MDS Associates” компанийнхан авлигын эсрэг үйл ажиллагааны үнэлгээндээ төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой аж ахуй нэгжүүдийг хамруулжээ. “Шивээ овоо” ХК, “Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК, “Эрдэнэт Үйлдвэр” ХХК-иуд авлигын эсрэг ажилд хөрөнгө зарж, хэрхэн яаж тэмцэх талаар АТГ-тай хамтарч ажилладаг юм байна. Харин “Төвийн бүсийн цахилгаан дамжуулах сүлжээ” ТӨХК гэх мэт гурван байгууллага хангалтгүй үнэлгээ авчээ. Энэхүү үнэлгээг хийсэн компанийнхан нийслэлд төдийгүй орон нутагт авлигын эсрэг үйл ажиллагааны үнэлгээ хийжээ.
Хамгийн өндөр үнэлгээг Орхон, Дундговь, Хэнтий аймгийн ЗДТГ авсан бол хамгийн бага үнэлгээг Сүхбаатар, Хөвсгөл, Ховд аймгийн ЗДТГ авчээ. Төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой аж ахуй нэгж байгуулагууд авлигын эсрэг үйл ажиллагааны төлөвлөлт, хэрэгжүүлэлт хангалтгүй байгааг үнэлгээ хийсэн шинжээчид онцоллоо. Төрийн бүх шатны байгууллага авлигын эсрэг ямар ажил хийх төлөвлөгөө гаргаж, тайлангаа АТГ-т ирүүлэх ёстой ч нэр төдий төлөвлөгөө гарган, тодорхой бус баримтыг хавсаргадаг аж. Төрийн байгууллага авлигын эсрэг үйл ажиллагааг хэрэгж үүлэх төсөв, хөрөнгийг батлан зарцуулдаггүй дутагдал нийтлэг байгаа аж. Түүнчлэн хүний нөөц, төсөв санхүү, худалдан авах ажиллагааны мэдээллийг цахим хуудсанд байршуулдаггүй дутагдал байгааг онцлов. Тиймээс цаашид өөрийн байгууллага, салбарт авлига гарах эрсдэл боломж бүрдүүлсэн нөхцөл байдлыг судалгааны үндсэн дээр тодорхойлж, түүнийг арилгах чиглэлээр ажиллах шаардлагатай байгааг шинжээчид хэлэв.
Х.СҮРЭН