91.75 ам метр талбайтай орон сууц худалдаж аваад байрандаа ортол таны байр 82.74 ам метр байвал яах вэ. Барьсан барилгынхаа талбайгаас есөн см биш, бүхэл бүтэн есөн ам метр талбай сох дутааж зарсан, нэг айлаас 18.9 сая төгрөг луйвардаж авсан компани байх юм. Ганцхан айлын байрнаас 17 ам метр талбай хумсалсан компани ч байна. Иргэдийг хохироож буй барилгын компаниудыг Барилга, хот байгуулалтын яам, Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар, Стандартчилал хэмжил зүйн газар хамтран шалгаж байна. Энэ талаар ШӨХТГ-ын Хэрэглэгчийн эрхийг хамгаалах хэлтсийн дарга Ч.Батбаатартай ярилцлаа.
-Хэчнээн компани иргэдийн орон сууцны талбайгаас хумсалж байсан юм бэ. Бүгдийг нь шалгаж амжив уу?
-Бүгдийг нь шалгаж амжаагүй байна. Хамгийн олон хүнийг, хамгийн их хохироосон нь “Тайгам Алтай”, “Асар порпертиз” ХХК. Анх манайд 11 компанийн талаар гомдол ирсэн. Түүнээс хойш ийм компаниудын тухай гомдол нэмэгдэж байна. Баянз үрх дүүргийн хоёрдугаар хороонд нэг орцтой 24 айлын орон сууц бий. Энэ байрны бүх айлын талбайн хэмжээ дутсан. “Тайгам Алтай” компани гэхэд орон сууц худалдан авагчидтай гэрээ хийхдээ иргэдийг төөрөгдүүлэх арга хэрэглэжээ. Тухайлбал, гэрээ байгуулахдаа 45 болон 48 ам метр гэж хоёр өөр хэмжээ бичсэн байгаа юм. Үүнийгээ 45 нь стандарт хэмжээ, 48 нь манай компанийн стандарт гэж тайлбарласан. Худалдан авагчдад ч ингэж тайлбарласан байгаа юм. Тэгээд талбайгаа 48 ам метрээр тооцон, мөнгөө авсан. Гэтэл байрны гэрчилгээ гараад иртэл 48 биш 45 ам метр гээд биччихсэн байхаар нь тухайн иргэн гайхаад манайд хандсан. Бид шалгаад үзтэл 45 биш бүр 40 ам метр талбайтай байр байсан.
-Стандарт хэмжээ гэж юуг хэлээд байна вэ?
-“Орон сууцны барилгын доторх сууцны талбай тооцох аргачлал” MNS 6058:2009 гэж стандарт бий. Компаниуд барилгын талбайн хэмжээг тогтоож, борлуулахдаа энэ стандартыг мөрд өх ёстой. Үүнээс өмнө Барилга, хот байгуулалтын сайдын баталсан журмаар орон сууцны талбайн хэмжээг тогтоож байсан. Уг журамд орон сууцны талбайн хэмжээг ханын дотор талаас хэмжинэ гэж заасан. Гэтэл барилгын компаниуд манай стандарт ийм гэсэн өөр юм ярьж, иргэдийг хохироодог юм байна. Ингэж болохгүй. Мөрдүүлэх гэж л стандарт баталдаг. Үүнийг барилгын компанийн эзэд, ажилтнууд мэдэхийн дээдээр мэддэг. Тэгсэн хэрнээ энэ стандартыг мөрдөхгүй, барилгын талбайн хэмжээг нэмж биччихээд бидний стандарт гэж тайлбарладаг юм байна. Энэ айлтай байгуулсан гэрээнд гэхэд талбайн хэмжээг 52.7, 55.8 гэж хоёр өөрөөр бичсэн байгаа биз (үзүүлэв). Нэг ам метр талбайгаа 1.2 сая төгрөгөөр тухайн үед заржээ. 52.7 ам метр талбайтай байрыг 55.8 ам метр талбайтай гэж 66.960.000 төгрөгөөр борлуулсан байна.
-Манай стандарт гэж юуг хэлж байх юм. Барилгын компаниуд талбайг яаж хэмжээд иргэдийг ингэж хохироосон юм бэ?
-Барилгын компаниуд ханын голоос эсрэг талын ханын гол хүртэл хэмжээд байгаа юм.
-Гэрээн дээр нь хоёр өөр хэмжээ биччихсэн байхад иргэд яагаад анзаардаггүй, шалгадаггүй юм бол?
-Талбайн хэмжээ энэ тэрийг анзаардаггүй бололтой. Гэрээн дээр “Орон сууцны талбайн хэмжээг ось тэнхлэгээс хэмжсэн болно” гээд биччихсэн байгаа юм. Иргэд анзааралгүй гарын үсэг зурчихсан байдаг. Эргээд барилгын компанидаа хандаад, “Манай байрны талбайн хэмжээ дутуу байна” гэхэд “Чи гэрээг зөвш өөрөөд гарын үсгээ зурчихсан. Одоо юу яриад байгаа юм” гээд хүлээж аваагүй байна лээ.
-Ось гэдэг нь ханын голоос гэсэн үг үү?
-Тийм. Ингэж төөрөгдүүлж бичээд, иргэдээр гарын үсэг зуруулчихсан. 48 ам метр талбайтай гэж зарсан байр нь 45 ч биш бүр 40 ам метр байсан.
-Стандарт гээд байгаа хэмжээндээ ч хүрэхгүй байгаа юм уу?
-Хүрэхгүй байна. Гэрээн дээрх хоёр тоо нь хоёул худал гэдэг нь хэмжилтээр тогтоогдсон.
-Хамгийн олон иргэнийг хохироосон нь ямар компани байх юм.
-“Хаан сивил” орон сууцны хороолол барьж буй “Асар порпертиз” гэж компани бий. Энэ компанийнхан олон иргэнд их хохирол учруулжээ. Одоо манай шалгаж буй компаниуд дунд иргэдэд учруулсан хохирлын хэмжээгээрээ энэ компани нэгдүгээрт бичигдэж байна. Эднийх орон сууц худалдаж авсан бүх айлыг хохироосон байна лээ. Айлууд нь өргөдлөө өгөөд дуусаж байгаа, 200-гаад айлтай хороолол. 91.75 ам метр талбайтай гэсэн айлын талбайг хэмжихэд 82.74 ам метр байсан. Талбайн ам метр нь 2.1 сая төгрөгийн үнэтэй. Ганц айлаас гэхэд л 17 ам метр талбай дутааж, 18.9 сая төгрөгөөр хохироосон байсан. Айл бүрийн талбайгаас дутаасан гэхээр дэндүү их мөнгө завшсан байгаа юм.
-Том талбайтай байр авсан хүнээс илүү их талбай хумсалсан байх нь ээ?
-Тийм. Талбайн хэмжээ нь томрох тусам хохирлын хэмжээ нь нэмэгдсэн.
-Эднийх гэрээгээ яаж байгуулсан байна вэ. Луйвардахдаа ямар арга хэрэглэсэн юм бол?
-“Асар порпертиз” ХХК худалдан авагчидтай хоёр удаа гэрээ байгуулжээ. Ашиглалтад оруулах ёстой хугацаанаасаа зургаан сарын дараа оруулсан. Төлбөрөө 30, 30, 30, 10 хувиар дөрөв хувааж авсан. Худалдан авагчаас мөнгөө авч дууссаны дараа “Гэрээгээ шинэчилж байгуулна. Танай байрны дугаар 101 биш юм байна. Хот төлөвлөлтийн газар байрныхаа дугаарыг соль гэсэн. Тиймээс гэрээгээ шинээр хийе” гэсэн байгаа юм. Эсвэл гудамжны нэрийг гэрээндээ буруу бичих арга хэрэглэсэн. Гэрээгээ сольж, шинээр байгуулахгүй гэхээр “Тэгвэл больчих. Мөнгийг чинь буцааж өгье. Байраа буцаавал үнийн дүнгийн 10 хувийг суутгана. Та 2.1 саяар авсан, одоо манай байрны нэг ам метр талбайн үнэ 2.4 сая болсон” гэдэг. Ингэж шахаанд оруулахаар тухайн хүн яаж байраа буцаах юм бэ. Гэрээгээ сольж л таарна биз дээ. Сольж, шинээр байгуулсан гэрээн дээр нь байрны талбайн хэмжээ заагаагүй байсан. Анхны гэрээн дээр байрны талбайн хэмжээг заасан хэрнээ шинэ гэрээн дээр тийм тоо байхгүй. Ингэхээр шүүхээр заргалдаад ч нэмэргүй.
-Ямар муу аргатай юм бэ?
-Энэ компаниас байр авсан хүмүүс нэг ам метр талбайг 2.1 сая төгрөгөөр анх худалдаж авсан. Гэтэл гэрээ сольсноор гурван өрөө байр л төдөн төгрөгөөр авлаа гэсэн болчихсон. Ингэхээр байрны талбайн хэмжээ дутлаа гэж заргалдах ямар ч боломжгүй болж байгаа юм. Иргэдийг ийм аргаар хохироосон.
-Иймэрхүү байдлаар хууртаж, хохирсон иргэд олон байгаа юу. Тэд гэрээгээ танайхаар шалгуулж болох уу?
-Иргэний хуулийн дагуу гомдол хөөн хэлэлцэх хугацаа гэж бий. Энэ хугацаа нь гурван жил. Орон сууц худалдан авах гэрээ байгуулаад гурван жил өнгөрөөгүй бол манайд ханаж болно. Гурван жилийн дотор гэсэн үг шүү дээ.
-Иргэд хохирлоо яаж төлүүлэх вэ. Шүүхэд хандах уу, танайх төлүүлж өгөх үү?
-Манайх төлүүлж өгч байгаа. Иргэдийг хохиролгүй болгуулахад анхаарна.
-Барилгын компаниуд иргэдийн хохирлыг төлөхгүй гэвэл яах вэ. Шүүхээр заргалдаад яваад байх уу?
-“Тайгам Алтай”, “МД тоф” зэрэг компаниудад албан шаардлага хүргүүлсэн. Иргэдийн хохирлыг барагдуулахгүй байгаа учраас манай байцаагчид тус компаниудад өнөөдрөөс торгууль ногдуулж эхэллээ. Зөрчил бүрт нь 10 сая төгрөгийн торгууль ногдуулна. Таван айл хохироосон бол 50 сая гэх мэтчилэн хохироосон айл бүрийнх нь тоогоор 10 сая төгрөгөөр торгоно гэсэн үг. Айлуудыг хохиролгүй болготол нь 10 сая төгрөгөөр торгоод байх боломжтой. Торгууль тавиад дахин хугацаатай албан шаардлага өгнө. Тэр хугацаанд торгуулиа төлөхгүй бол дахиад торгууль ногдуулж, албан шаардлага өгнө. Гэх мэтчилэнгээр үргэлжлээд байх боломжтой. Манайд тийм эрх бий.
-Хэдий болтол торгоно гэж?
-Бид иргэдийн хохирлыг барагдуултал нь торгох боломжтой. Гэхдээ барилгын компанийнхан ашгийн төлөө явдаг, бизнесийн байгууллага учраас торгуулаад байхыг бодохгүй нь лав. Хэрвээ удаа дараагийн албан шаардлагыг биел үүлэхгүй бол барилгын тусгай зөвшөөрлийг нь цуцална. ШӨХТГ-аас БХБЯнд тусгай зөвш өөрлийг нь цуцлуулах саналаа хүргүүлнэ. Энэ шалгалтыг БХБЯ манайхтай хамтран хийж байгаа. Тиймээс тусгай зөвшөөрөл цуцлуулахад асуудалгүй.
-Зөвшөөрлийг нь цуцалчихсан ч гэсэн дахиад зөвшөөрөл аваад барилга барьчихдаг шүү дээ.
-Тусгай зөвшөөрлийг нь цуцалсан тохиолдолд тухайн компанийн захирлын иргэний үнэмлэх дээрх регистрийн дугаараар нь хар дансанд оруулна. Тиймээс энэ хүн дахиад барилгын компани байгуулж, тусгай зөвшөөрөл авах боломжгүй. Өмнө нь бол дахиад компани байгуулчихдаг байсан. Эрүүгийн цагдаагийн газар үүнийг анхааралдаа авч, бидэнтэй хамтарч ажиллая гэсэн. Иргэдэд учруулсан хохирлын хэмжээ нь барилгын компаниудад эрүүгийн хэрэг үүсгэхээр их байгаа юм. Компаниуд 45, 48 гэсэн хоёр өөр хэмжээ гэрээн дээр тавьчихаад иргэдээс мөнгө авахдаа 48-аар тооцож авсан мөртлөө татвар төлөхдөө 45-аар тооцож төлдөг. Энэ бол татвар нуун дарагдуулж, татвараас зайлсхийж буй үйлдэл. Гурван ам метр талбайн зөрүүнээс гэхэд 3.6 сая төгрөгт ногдох татвараас зайлсхийж байгаа.
-Иргэдийн хохирлыг төлж эхэлсэн компани байна уу?
-“Макс өргөө”, “Хурд групп” болон “Корей таун” гэдэг БНСУ-ын хөрөнгө оруулалттай компани иргэдийн хохирлыг бүгдийг барагдуулсан. Дахиад гомдол ирээгүй байна. “Ти Ди Си” гэж Хятадын 100 хувийн хөрөнгө оруулалттай компани дөрвөн айлын хохирлыг төлөөд байгаа. Үргэлжлүүлээд төлнө гэсэн.
Х.БОЛОРМАА