Иргэний агаарын тээврийн “А-Jet лимитед” компанийн Говьсүмбэр аймгаас Улаанбаатарын чиглэлд нисэж явсан “ЕС-145” маркийн нисдэг тэрэг өчигдөр ослын буулт хийжээ. Нисдэг тэргэнд багийн хоёр гишүүнээс гадна таван хүн зорчиж явсан гэх мэдээлэл өчигдөр үдээс хойш бидэнд ирсэн юм. Тус аймгийн Хөвсгөл сумаас хөөрсөн нисдэг тэрэг 14.00 цагийн үед Чойроос хойш ойролцоогоор 40 км-т буужээ. Энэ нь ослын хоёр дахь буулт байсан гэх мэдээлэл ч байна.
Хөвсгөл сумаас хөөрөөд удаагүй байтал нисдэг тэрэгнийх нь хөдөлгүүрийн даралт унасан бололтой юм. Тиймээс багийнхан хээр бууж, гарсан доголдлыг өөрсдийн хэмжээнд засаж, цааш хөөрчээ. Гэтэл Чойр өнгөрч явтал дээрх гэмтэл дахин гарсан байна. Тиймээс ослын буулт хийж, энэ тухай төвдөө мэдэгдсэн аж. Энэ мэдээллийн дагуу ИНЕГ, “А-Jet лимитед” компанийн инженер, техникийн ажилтнуудын бүрэлдэх үүнтэй гурван машин хүн өчигдөр 15.00 цагийн үед Чойрыг зорьжээ.
Дашрамд дурдахад өнгөрсөн аравдугаар сард тус компанийн” Ми-8” маркийн нисдэг тэрэг Төв аймгийн Мөнгөнморьт суманд осолдсныг хууль хяналтын байгууллагаас шалгаж, буруутныг тогтоож амжаагүй байгаа билээ.
Д.ДАГВА