Замын халтиргаа, гулгаа ихэссэн энэ үед бага насны хүүхдүүд зам тээврийн осолд өртөж, гэмтэж бэртэх явдал нэмэгдэж байна. Ганцхан өдрийн дотор есөн хүүхэд автомашинд мөргүүлж, шүргүүлж гэмтсэн харамсалтай тоо ЗЦГ-т байна. Энэ талаар тус газрын Урьдчилан сэргийлэх хэлтсийн байцаагч, ахлах дэслэгч Х.Одбаяраас тодрууллаа.
-Сүүлийн өдрүүдэд хүүхдүүд зам тээврийн осолд өртөх явдал ихэсчээ. Нэг өдөр есөн хүүхэд гэмтсэн гэсэн. Энэ талаар тодруулна уу.
-Энэ сар гарсаар зам тээврийн осолд бага насны хүүхэд өртөх явдал нэлээд гарч байна. Энэ нь замын халтиргаа гулгаа ихсэж буйтай холбоотой. Арванхоёрдугаар сар гараад 10 хонож байхад 26 хүүхэд зам тээврийн осолд өртсөн байна. Түүний зургаа нь сургуулийн өмнөх насных. Үлдсэн нь ерөнхий боловсролын сургуулийн сурагч. Уржигдар буюу энэ сарын 9-нд есөн хүүхэд гэмтсэн. Тиймээс бага насны хүүхдэд тавих анхаарал, халамжаа нэмэгдүүлээч гэж эцэг, эхчүүдэд хэлье.
-ЗЦГ-ыг татан буулгах гэж байна, улсын хэмжээнд замын 4600 цагдаа ажилладгийн 60 хувь нь удирдах албан тушаалтан гэсэн мэдээлэл үнэн үү?
-Ийм ташаа мэдээлэл зарим цахим мэдээллийн хэрэгслээр гарч, иргэдийн дунд тарсан. Хэрэв бид ийм олон тооны алба хаагчтай бол хүн бүрт хүрч ажиллаж, замын хөдөлгөөний хууль дүрэм зөрчүүлэхгүйгээр нэг уулзвараас нөгөө уулзвар хүртэл 20 цагдаа гэрэлтүүлгийн шон шиг ярайтал зогсож ажиллана биз дээ. Үнэн хэрэгтээ ЗЦГ өнөөдөр 1990 онд батлагдсан бүтэц, орон тоогоороо л ажиллаж байна. 1990 оноос хойш тээврийн хэрэгслийн тоо 8.5 дахин, авто замын сүлжээ 1.4 дахин өсөөд байхад Замын цагдаагийн алба хаагч 0.2 дахин нэмэгдсэн. Өнөөдөр улсын хэмжээнд замын цагдаагийн 822 алба хаагч ажиллаж байгаагаас 346 нь байцаагч, 476 нь зохицуулагч. Нийслэлд замын 436 цагдаа ажилладгийн 201 нь байцаагч, 235 нь зохицуулагч. Нийт алба хаагчдын 6.2 хувь нь удирдах албан тушаалтан.
-Цагдаагийн байгууллагын стандартаар нэг цагдаад хэчнээн тээврийн хэрэгсэл хамаарах вэ?
-Засгийн газрын 2011 оны 153 тоот тогтоолоор цагдаагийн байгууллагын зарим ажил үйлчилгээ, хангалтын жишиг нормативыг баталсан. Үүнд 350 автомашинд замын цагдаагийн нэг алба хаагч, 150 км тутамд байнгын нэг пост байхаар заасан. Энэ тогтоолыг хэрэгжүүлбэл өнөөдөр албан үүргээ гүйцэтгэж яваа замын цагдаагийн алба хаагчдын тоог гурав дахин, техник хэрэгслийг 2.8 дахин нэмэгдүүлэх шаардлагатай болно. “Замын цагдааг татан буулгахаар болжээ” гэсэн мэдээлэл нийгэмд энэ албаны нэр хүндийг унагах, нүсэр бүтэцтэй, ажил хийдэггүй олон хүн байдаг гэсэн ойлголт төрүүлж байхыг үгүйсгэхгүй.
Г.РАВЖАА