Өнгөрсөн долоо хоногийн амралтын өдрүүдэд Хан-Уул дүүрэгт цахилгааны гэмтэл хоёр удаа гарч, нийт 1726 айл өрх, 184 аж ахуйн нэгжийн цахилгаан тасалджээ. Тодруулбал, энэ сарын 7-нд Хан-Уул дүүрэгт дулааны шугам татахаар газар шорооны ажил хийж байсан хэсэг хүн 24 дүгээр дунд сургууль, Урт цагаан орчим, 220 мянгат орчмын 859 өрх, 104 аж ахуйн нэгжийг цахилгаанаар тэжээдэг 6 кв-ын кабель шугамыг гэмтээсний улмаас энэ хавьд 13.15-14.45 цагийн хооронд цахилгаангүй байв.
Буруутныг олж, хохирлыг төлүүлэхээр “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” компани цагдаагийн байгууллагад ханджээ. Мөн өнгөрөгч ням гаригт Хан-Уул дүүрэгт “Тэргэл мөнх” компани бохир усны шугам угсрахаар газар шорооны ажил гүйцэтгэх явцдаа 10 кв-ын цахилгаан дамжуулах кабель шугам гэмтээж, “Оргил рашаан” сувилал, Удирдлагын академи, “Маршал таун” хотхон орчмын 947 өрх, 80 аж ахуйн нэгжийг 18.00 цагаас хойш 40 минутын турш лаа барихад хүргэсэн гэнэ.
Т. БУЯНАА