“Гал үндэстэн” холбооны тэргүүн Ц.Мөнхбаяр нарын таван хүнд холбогдох хэргийг Нийслэлийн прокурорын газраас хянаад, мөрдөн байцаалтаар шалгаж тогтоох зүйлсийг тогтоосон гэж үзэн яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлэхээр болжээ. Тэдэнд зандалчилсан, бусдын эд хөрөнгийг авахаар далайлган сүрдүүлсэн, галт зэвсэг, байлдааны зориулалттай тэсэрч дэлбэрэх бодис хууль бусаар олж авч хадгалсан гэсэн үндэслэлээр яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хянан шийдвэрлэх шүүхийн харьяаллыг тогтоолгохоор Улсын Дээд шүүхэд энэ сарын 4-нд хүргүүлжээ.
Ц.Мөнхбаяр нарыг Засгийн газраас УИХ-д өргөн барьсан “Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай” хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг 30 минутын дотор УИХ-аас татаж авахуулах, өөрсдийн боловсруулсан Хуулийн хэрэгжилтийг хангах тухай Засгийн газрын тогтоолын төслийг нэг цагийн дотор батлахыг шаардаж энэ оны есдүгээр сарын 16-нд Төрийн ордны гадна буудахын зэрэгцээ, хашаан дотор буу, сум, гранат зэрэг галт зэвсэг, байлдааны галт хэрэгсэл оруулан олныг түгшээсэн, эрх бүхий байгууллага, албан тушаалтнаас тодорхой шийдвэр гаргуулахад нөлөө үзүүлэх зорилгоор “Централ тауэр”, Засгийн газрын II байр буюу Уул уурхайн яамны гадна тэсэрч дэлбэрэх бодис байрлуулсан гэсэн үндэслэлээр буруутгаж буй билээ. Түүнээс гадна 2012 оны долдугаар сард иргэн М-ийг айлган сүрдүүлж 67 сая төгрөг авсан, 2013 оны дөрөвдүгээр сард байлдааны галт хэрэгсэл хууль бусаар худалдан авч бэлтгэсэн нь мөрдөн байцаалтаар тогтоогдсон юм.
Манай Эрүүгийн хуульд 2002 онд “Зандалчлах” гэсэн зүйл анги багтсан бөгөөд энэ зүйл ангиар эрүүгийн хэрэг үүсгэсэн хоёр дахь тохиолдол нь Ц.Мөнхбаяр нар. Өмнө нь 2008 оны долдугаар сарын 1-ний эмх замбараагүй байдлын дараа Ж.Батзандан, О.Магнай нарын хүмүүст дээрх зүйл ангиар эрүүгийн хэрэг үүсгэн, сэжигтэн яллагдагчаар татаж байсан юм.
Тодруулга: Эрүүгийн хуулийн 177 дугаар зүйл. Зандалчлах
177.1.Эрх бүхий байгууллага, албан тушаалтнаас тодорхой шийдвэр гаргуулах буюу гаргахаас татгалзуулахад шууд буюу шууд бус нөлөөлөх зорилгоор, олон нийтэд айдас төрүүлэхэд чиглэсэн нийтэд аюултай хүч хэрэглэсэн буюу хэрэглэхээр заналхийлсэн бол арваас дээш арван таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
177.2.Энэ хэргийг онц аюултай гэмт хэрэгтэн, зохион байгуулалтай бүлэг, гэмт бүлэглэл үйлдсэн, энэ хэргийн улмаас хүний амь нас хохирсон, бусад хүнд хор уршиг учирсан бол хориос дээш хорин таван жил хүртэл хугацаагаар хорих, эсхүл цаазаар авах ял шийтгэнэ.
Тайлбар: Зандалчлах гэмт хэрэгт бэлтгэхэд идэвхтэй оролцсон боловч гэмт үйлдэл эхлэхээс өмнө эрх бүхий байгууллага, албан тушаалтанд мэдэгдсэн, эсвэл энэ үйлдлийг таслан зогсооход идэвхтэй оролцсон бөгөөд түүний үйлдэлд өөр гэмт хэргийн шинжгүй бол эрүүгийн хариуцлагаас чөлөөлж болно.
Г.РАВЖАА