“Цэвэр агаар сан”-гийн захирлаар ажиллаж байсан Н.Хүрэлсүх, ерөнхий нягтлан бодогч М.Хулан, БОНХЯ-ны Санхүү, хөрөнгө оруулалтын газрын дарга Б.Цэцгээ нарын 11 хүнд холбогдох хэргийг Нийслэлийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж, Чингэлтэй дүүргийн шүүхэд шилжүүллээ. Тэднийг Засгийн газрын тусгай сан буюу БОНХЯ-ны дэргэдэх “Цэвэр агаар сан”- гийн хөрөнгийг зориулалт бусаар зарцуулж онц их хэмжээний хохирол учруулсан, төсвийн хөрөнгөнөөс хувьдаа завшсан гэх хэрэгт буруутган АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэст шалгасан юм. Мөрдөн байцаалтын явцад дээрх хүмүүс улсад таван тэрбум төгрөгийн хохирол учруулсан нь тогтоогдсон аж. Дээрх гурван хүнтэй Мэргэжлийн хяналтын хоёр, татварын нэг байцаагч, Үндэсний аудитын газрын нэгэн аудитор хуйвалдсан нь шалгалтаар тогтоогдсон юм байна.