“Монгол газар” компанийн захирал Ц.Мянганбаярт хууль хяналтын байгууллагаас хоёр дахь удаагаа эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа. УМБГ-ын дэд дарга, дэд хурандаа Д.Отгонжаргал өнгөрсөн сарын дундуур хэвлэлийн бага хурал хийхдээ энэ талаар хэвлэлийнхэнд мэдээлсэн билээ. Энэ мэдээллийн дагуу Ц.Мянганбаярын холбогдсон эрүүгийн хэргийн талаар Нийслэлийн прокурорын газрын баттай эх сурвалжаас зарим баримтыг олж авсан юм.
Ц.МЯНГАНБАЯР ЖИЖИГ КОМПАНИУДЫГ ЗАЛИЛСАН УУ
“Алтны магнат” гэгддэг Ц.Мянганбаярын холбогдсон алтны болоод залилан мэхлэх гэмт хэргийн шинжтэй үйлдэл нь түүнд албан ёсоор хоёр дахь удаагаа эрүүгийн хэрэг үүсгэхэд хүргэсэн аж. Тэрбээр өмнө нь 2009 онд “Монгол газар” компани болон түүнтэй хамааралтай аж ахуйн нэгжийн нэрээр барьцааны хөрөнгө давхардуулан 169.342 тэрбум төгрөгийн зээл залилан авсан гэсэн үндэслэлээр эрүүгийн хэрэгт шалгуулж байсан билээ. Энэ үед нь татвараас орлогоо нуусан үйлдлийг мөн шалгасан бөгөөд мөрдөн байцаалтын явцад гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй хэмээн хэргийг нь хэрэгсэхгүй болгож байв. Харин түүний дараа буюу одоогоос хоёр жилийн өмнө түүний удирддаг “Монгол газар” компанийг Орхон голыг бохирдуулсан хэрэгт бас шалгаж эхэлсэн билээ. Тэр үед тус компанийн Үйл ажиллагаа эрхэлсэн дэд захирал У.Даш эрүүгийн хэргийн сэжигтэн, яллагдагчаар татагдсан. Архангай аймгийн Цэнхэр суманд үйл ажиллагаа явуулж байсан “Монгол газар”, “Алтан дорнод Монгол” компанийн буруутай үйл ажиллагаанаас Орхон гол онц ихээр бохирдож, тус компаниуд нөхөн сэргээлт хийлгэх нэрээр жижиг аж ахуйн нэгжүүдтэй гэрээ хийж, хариуцаж байсан талбайдаа алт олборлуулснаас экологид онц их хэмжээний хохирол учирсан хэргийг УМБГ-ын Байгаль хамгаалах журмын эсрэг гэмт хэрэг мөрдөх хэлтсийн ажилтнууд шалгасан юм. Энэ хэрэгт Улсын ерөнхий прокурорын найз, “Алтан дорнод Монгол”- ын захирал Ч.Бямбаа сэжигтнээр татагдсан ч хэргээс хамгийн түр үүнд мултарсан билээ.
Эцэст нь бусад холбогдогчид нь барьцсанаар Орхон голыг бохирдуулсан гэх хэргийг НПГаас хүчээр хэрэгсэхгүй болгосноор “Монгол газар”-ын У.Даш тэргүүтэн хариуцлагаас мултарсан юм. Энэ удаад Ц.Мянганбаяр нарын 15 хүнийг Өвөрхангай аймгийн Уянга сумын нутаг, Бөөрөлжүүтийн голд хууль бус үйл ажиллагаа явуулснаас онц их хэмжээний хохирол учруулсан хэрэгт холбогдуулаад байгаа талаар УМБГ-ын дэд дарга, дэд хурандаа Д.Отгонжаргал сэтгүүлчдэд мэдээлсэн билээ. Баттай эх сурвалжаас авсан мэдээллээр Өвөрхангай аймгийн Уянга сумын Бөөр өлжүүтийн голд “Дөлгөөн цайдам”, “Өгөөж өлт”, “Шинэ Уянга”, “Шаазгай бадмаараг”, “Пүрэвдаш”, “Эдоц”, “Соёл арвижих”, “Шар зүлэг”, “Зул мөнх бадмаараг”, “Хаан соёолж” компанийнхан нөхөн сэргээлт хийх, алт олборлох талаар холбогдох байгууллагаас тусгай зөвшөөрөлгүйгээр хууль бусаар үйл ажиллагаа явуулж байжээ. Ингэхдээ “Монгол газар”, “Баярсгоулд” компанийн захирал Ц.Мянганбаяртай нөхөн сэргээлтийн гэрээ гэгчийг байгуулсан аж. Тухайн компаниудыг “Монгол газар”-ынхан залилан мэхэлсэн байж ч болзошгүй байдал шалгалтаар тогтоогдож буй бололтой. Учир нь гэрээ байгуулахдаа “Урт нэртэй хуульд өөрчлөлт ормогц уг талбайн тусгай зөвшөөрлийг сэргээж, авах гэж байгаа” хэмээсэн бөгөөд тиймдээ ч уг талбайдаа 11 компанийг төлбөртэйгөөр оруулж, алт угаалгаж байсан гэнэ.
ШҮҮХИЙГ ҮЛ ХҮНДЭТГЭЖ, ШҮҮГЧИЙН ШИЙДВЭРИЙГ ЗӨРЧЖЭЭ
Уг нь “Монгол газар”, “Баярсгоулд” компанийн захирал Ц.Мянганбаяр Уянга сумын нутаг дахь Бөөрөлжүүтийн голын талбайдаа 2008 онд нөхөн сэргээлт хийж, орон нутагт хүлээлгэн өгсөн аж. Улмаар Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн шүүгч Ц.Цогтын захирамжаар 2009 онд тухайн газрыг нь “Монгол газар”-ын эзэмшлээс хасаж, улс, орон нутгийн мэдэлд өгчээ. Нэгэнт нөхөн сэргээчихсэн, дахин нөхөн сэргээлтийн ажил хийх шаардлагагүй, байгалийн төрхөндөө орж, эдгэрч байсан талбайд Ц.Мянганбаяр тэргүүтэн хууль бус гэрээ байгуулж, шүүхийн захирамж, шийдвэрийг үл ойшоон “Зул мөнх бадмаараг”, “Кенардо”, “Шар зүлэг”, “Шинэ Уянга” зэрэг компанийг оруулсан байна. Ингэхдээ нөхөн сэргээлтийн гэрээ байгуулж, тэдгээр компаниас мөнгө авчээ. “Монгол газар” компанийн захирал Ц.Мянганбаярт холбогдох энэ хэрэгт төрийн албан тушаалтнууд ч холбогдоод байгаа юм билээ.
Тухайлбал, Уянга сумын Засаг дарга П.Баатар, ЗДТГ-ын дарга З.Дагвасүрэн, VI багийн Засаг дарга Г.Цэрэнчимэд нарын хүмүүсийн нэр холбогдсон. Бидэнд олдсон мэдээллээр, П.Баатар, З.Дагвасүрэн нар дээр дурдсан олон компанитай гэрээ байгуулж тодорхой хувь хүртсэн сурагтай. Тодруулбал, З.Дагвасүрэн, Сумын Иргэдийн нийтийн хурлын дарга Н.Шийрэвдорж, Төрийн банкны төлөөлөгч Д.Нинжбадгар нар “Соёл арвижих”, “Шар зүлэг” компаниас тодорхой хэмжээний хувь хүртжээ. Мөн VI багийн Засаг дарга Г.Цэрэнчимэд, багийн ИНХ-ын дарга Б.Батбаяр нар нэр бүхий хэд хэдэн компанитай “Хамтран ажиллах, харилцан туслалцах гэрээ” гээчийг байгуулан тус бүр 1-3 сая төгрөг, нийтдээ 15 сая төгрөгийн хандив авч, хувь хүний дансанд байршуулсан байна. Мөрдөн байцаалт үргэлжилж буй учраас үүнээс илүү мэдээлэл өгөхөөс НПГ-ын эх сурвалж татгалзсан юм. Шалгалтын явцад өөр олон баримт гарч ирж болзошгүй талаар эх сурвалж хэлж байлаа.