Дорноговь аймгийн ИТХ-ын ээлжит хуралдаан энэ сарын 3, 4-нд болжээ. Энэ хуралдаанаар аймаг, орон нутгийн ирэх жилийн төсөв, төлөвлөгөөг хэлэлцэхтэй хамт аймгийн Засаг дарга П.Ганхуягийг огцруулжээ. Засаг даргыг огцруулах асуудлыг хуралдаанд оруулахдаа тодорхой таван асуудлыг үндэслэл болгосон байна. Үүнд, Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр, орон нутгийг 2016 он хүртэл хөгжүүлэх үндсэн чиглэл, сонгуулиар дэвшүүлсэн мөрийн хөтөлбөрийн биелэлт муу, эдгээр бодлогын баримт бичгийг хэрэгжүүлэхээс зайлсхийсэн, зарим сумын Засаг дарга нарын буруутай үйл ажиллагааг хаацайлж, өөгшүүлсэн, тендер болон газар өмчлүүлж, ашиглуулахтай холбоотой хууль бус үйлдлүүдийг нь нэрлэжээ.
Хуралдаанд оролцсон 23 гишүүний 17 нь огцруулах нь зүйтэй гэж гар өргөснөөр тогтоол батлагдаж, Ерөнхий сайдад уламжилсан байна. Тус аймгийн ИТХ-ын 27 суудлын 16 нь АН, 10 нь МАН, нэг нь МАХН-ынх. Харин П.Ганхуягийг огцруулах асуудлыг АН-ын найм, МАН-ын нэг буюу нийт есөн төлөөлөгч ИТХ дахь АН-ын бүлгээс гэсэн тодотголтойгоор хуралдаанд оруулсан аж. Тодруулбал, түүнийг огцрохыг шаардаж буй гол хүмүүс нь намынх нь нөхөд болох ИТХ-ын дарга, ИТХ дахь бүлгийн дарга болон Засаг даргын орлогч нар аж. Ер нь тус аймгийн АН-ынхан хоёр хуваагдаж, өөр хоорондоо хөлөө жийлцэх болсон байна.
Хэлэлцэх асуудалтай холбоотойгоор МАН-ын бүлэг завсарлага авч, мэдэгдэл хийхдээ, “Засаг дарга П.Ганхуягийг огцруулах асуудлаар санал нэг байна. Аймаг, орон нутгийн хөгжлийн асуудлаар цаашид итгэл үзүүлэх аргаг үй” гэсэн байр суурь илэрхийлсэн аж. П.Ганхуягийг огцруулах асуудлыг хэлэлцсэн нь анхных биш. ИТХ нь энэ асуудлыг өнгөрсөн онд гурван ч удаа хэлэлцэж байсан бол хамгийн сүүлд өнгөрөгч долдугаар сард мөн хөндөгдөж байсан аж. Үүний зэрэгцээ түүнийг хууль хяналтын байгууллагаас хэдэнтээ шалгаж байжээ.
Б.НОМИН