Уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэр хэмээх “саалийн үнээ”-г үе үеийн удирдлагууд нь мөнгө олох хэрэгсэл болгодгийг дээр доргүй ярьдаг. Тиймдээ ч Д.Дорлигжав, Х.Наранхүү, Ч.Ганзориг зэрэг нарыг хууль хяналтын байгууллагаас шалгасан. Улмаар заримынх нь хэрэг хэрэгсэхгүй болсон. Харин өнгөрсөн зунаас “Эрдэнэт” үйлдвэрийн захирал Ч.Ганзоригт эрүүгийн хэрэг үүсгэсэн. Түүнд холбогдох хэрэг нэмэгдэж, шинэ үйлдлүүд тодорхой болсон гэнэ.
Энэ талаар Нийслэлийн прокурорын газрын эх сурвалж “Эрдэнэт” үйлдвэрийн захирлаар ажиллаж байсан Ч.Ганзориг, Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн захирал П.Эрдэнэцогт, Эдийн засаг хариуцсан орлогч М.Сайннямбуу нарыг албан тушаалаа ашиглаж, “Эрдэнэт” үйлдвэрт ган бөмбөлөг “шахаж” байсан үйлдлийг ЭЦГ-ын Эдийн засгийн хэлтсийнхэн тогтоож, эрүүгийн хэрэгт нэгтгэн шалгуулахаар АТГ-т шилжүүлээд байна” гэв.
АТГ-ын баттай эх сурвалжийн мэдээлснээр дээрх хүмүүсийг албан тушаалаа урвуулан ашиглаж, ган бөмбөлөг хууль бусаар нийлүүлснээс “Эрдэнэт” үйлдвэр дөрвөн сая ам.долларын алдагдал хүлээсэн гэж буруутгаж байгаа гэнэ. Түүнээс гадна тус үйлдвэрийн Санхүүгийн хэлтсийнх нь дарга Г.Галбаатар хүүгийнхээ компаниар дамжуулан Дарханы төмөрлөгийн үйлдвэрээс 715 ам.доллараар ган бөмбөлөг худалдан авч, “Эрдэнэт”-д 1060-аар зардаг байсныг тогтоосон гэж АТГ-ын эх сурвалж нэмж хэлэв.