Японоос хуучин машинууд Монголд авчирч, худалддаг 32 ченжид хууль хяналтын байгууллагаас эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн гэх мэдээллийг баттай эх сурвалж өгөв. Сүүлийн таван жилийн хугацаанд Монгол Улсад Японоос 100-гаад мянган машин оруулж иржээ. Түүний 95 хувь нь нэр бүхий 32 ченжийн гараар дамжсан байдаг аж. Тэдгээр ченжийг онц их хэмжээний татвараас зайлсхийсэн хэрэгт буруутган шалгаж эхэлсэн гэнэ. Энэ талаар УМБГ-ын эх сурвалжаас лавлахад “Автомашин оруулж ирдэг нэр бүхий 32 иргэн татвараас зайлсхийсэн байж болзошгүй үйлдлийг ЭЦГ-ын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн ажилтнууд илрүүлсэн. Тэд гаалийн бүрдүүлэлт хийж, гаалийн татвар төлдөг ч аж ахуйн нэгжийн болон хувь хүний орлогын албан татвар төлдөггүй байсан нь ЭЦГ-ынхны шалгалтаар тогтоогджээ. Тиймээс УМБГ-ын Эдийн Засгийн гэмт хэрэг мөрдөх хэлтэст эрүүгийн хэрэг үүсгэн шалгуулахаар шилжүүлээд байгаа” гэлээ.
Г.РАВЖАА