“Transparency International” гэдэг олон улсын байгууллага дэлхийн улсуудын авлигын зэрэглэлийг тогтоожээ. Энэ онд уг үзүүлэлтээр 177 улсаас ОХУ 127-д орсон байна. Өнгөрсөн онд 133 дугаарт бичигдэж байжээ. Авлига хамгийн багатай орноор Дани, Шинэ Зеланд тодорсон байна. Эдгээр улс боломжит 100 онооны 91-ийг авсан аж. Финланд улс 89 оноогоор гуравт, Швед, Норвеги, Сингапур, Швейцарь, Нидерланд, Австри, Канад улс эхний аравт багтсан аж. Тэгвэл авлига хамгийн ихтэй орны тоонд найман оноогоор Сомали, Умард Солонгос, Афганистан орсон бол Сири, Ливи, Гаити, Туркмен, Узбекистан улс бас “дээгүүр” оржээ.
Ер нь нийт улсын 70 хувь нь авлигатай гэсэн ангилалд багтаж буй аж. Төрийн албан хаагчид нь авлига авдаг эсэх, улсын захиалгат ажлыг хийсний орлогоос албан тушаалтнууд ашиг хүртдэг эсэх, төсвийн хөрөнгийг хувьдаа ашигладаг эсэх гэх мэт үзүүлэлтээр улсуудыг ийн зэрэглэжээ. Мөн Засгийн газар нь авлигын эсрэг хэр зэрэг тэмцдэгийг харгалзсан байна. Харин Монгол Улс авлига ихтэй орны тоонд буюу 83 дугаар байрт оржээ. Манай улсын төрийн албан хаагчид авлигачдаа тэргүүлж явдаг гэнэ.
Р.ЖАРГАЛАНТ