Дорнод аймаг орон нутгийн сонгууль болсноос хойш Засаг даргагүй бүтэн жил тойроод байгаа. Тус аймгийн ИТХ-ын 35 суудлын 18-д нь МАН-ын төлөөлөгч ялсан байдаг. Тиймээс олонх болсон нам Засаг даргад нэр дэвшигчээ тодруулж, Ерөнхий сайд Н.Алтанхуягт хандсан ч тэрбээр батламжлаагүй. Улмаар шүүх, Үндсэн хуулийн цэцэд хандсаар бүтэн жилийг тойрчихоод байгаа юм. Энэ хугацаанд өмнө нь Засаг даргаар ажиллаж байсан Ц.Жанлавыг үүрэг гүйцэтгэгчээр, тус аймгийн АН-ын дарга Д.Цэрэнчимэг гэх эмэгтэйг орлогчоор томилсон. Засаг дарга Ц.Жанлавын хувьд эрүүл мэнд нь муу, ажил хийхэд хүнд байдаг талаар орон нутгийн эх сурвалжууд хэлдэг.
Тус аймгийн ИТХ хурлаар Засаг даргад нэр дэвшигчээ батламжлах, 2014 оны орон нутгийн төсвөө хэлэлцэхээр өчигдөр товлосон байж. Гэтэл МАН-ын гишүүд уг хурлыг хийлгэлгүй хойшлуулсан гэнэ. Тэд Дорнод аймгийн ИТХ-ын тэргүүлэгч П.Мөнхтөрийг баривчилсныг эсэргүүцэж, ийнхүү хурлаа хаясан тухай орон нутгийн эх сурвалж мэдээллээ. П.Мөнхтөр нь Засаг даргад нэр дэвшихээр яригдаж, намын бүлэг нь төдийгүй АН-ын зарим гишүүн ч түүнийг дэмжиж байсан аж. Тиймээс ИТХ-аа хойшлуулахад хүрсэн гэнэ. П.Мөнхтөрийг ямар учраас баривчилсан талаар орон нутгийн хууль хяналтын байгууллагын эх сурвалжаас тодруулахад “Өчигдөр (уржигдар) орой П.Мөнхтөрийг АТГ-аас баривчлан аймгийн Цагдаагийн газрын түр саатуулах байранд саатуулсан.
Одоогоор ямар хэрэгт холбогдуулсан талаар мэдээлэл өгөх боломжгүй. Түүнийг сэжигтнээр тооцоогүй. Зөвхөн 72 цагийн хугацаанд баривчлах арга хэмжээ авсан. Энэ хугацаа нь дуусахаар АТГ-ын мөрдөн байцаагч болон хэрэгт хяналт тавьж буй прокурор хэрхэхийг шийдвэрлэх байх” гэлээ. Харин АТГ-ынхан энэ талаар мэдээлэл өгөхөөс татгалзав. Орон нутгийн баттай эх сурвалжаас авсан мэдээллээр түүнийг энэ сарын 2-ны 20.00 цагийн үед баривчилсан гэнэ. “Петрочайна Дачин Тамсаг” компанид мөнгө угаасан байж болзошгүй гэсэн үндэслэлээр түүнийг саатуулсан бололтой. Тэрбээр нэгэн компанийн захирлаар ажилладаг бөгөөд уг компани нь 20-иод машинаар “Петрочайна Дачин Тамсаг”-ийн газрын тосыг зөөж хил гаргадаг гэнэ. Нэг машиных нь хоногийн хөлс хэдэн жилийн өмнө 100-120 ам.доллар байсан гэх мэдээллийг өглөө.
П.Мөнхтөр нь хуулийн байгууллагад ажиллаж байхдаа эрүүгийн хэрэгт сэжигтнээр шалгуулж ажлаасаа чөлөөлөгдсөн бөгөөд мөрдөн байцаалтын явцад хэрэг нь хэрэгсэхгүй болсон аж.
Дугаар шилжих мөчид авсан мэдээллээр өчигдөр 17.30 цагийн үед аймгийн ИТХ хуралдаж эхэлсэн гэнэ. Хуралд П.Мөнхтөр оролцоогүй талаар баттай эх сурвалж хэлэв.
Г.РАВЖАА