Говь-Алтай аймгийн Цээл сумын нутагт үйл ажиллагаа явуулж, байгаль орчин, хүн малын эрүүл мэндэд хохирол учруулдаг хэмээн хэл ам таталж буй “Алтайн хүдэр” компанийн Таян нуурын уурхайд өнгөрсөн долоо хоногийн сүүлчээр осол гарч, хүн нас баржээ. Энэ талаар тус аймгийн Прокурорын газрын албаны хүнээс тодруулахад “Осол гарсан гэсэн дуудлага өнгөрсөн пүрэв гаригт шилжих шөнө ирсний дагуу газар дээр нь шалгахаар Ажлын хэсэг томилогдон ажиллаж байна. Ажлын хэсэг ирээгүй тул юу болсон талаар тодорхой мэдээлэл өгөх боломжгүй” гэлээ.
Цагдаагийн хэлтсийн эх сурвалж “Цээл суманд үйл ажиллагаа явуулдаг “Алтайн хүдэр” компанийн Таян нуурын уурхайн баяжуулах V үйлдвэрийн карьерт нэг хүн нас барсан гэсэн мэдээллийн дагуу Ажлын хэсэг шалгахаар тус уурхай руу явсан. Талийгаач Орхон аймгийн харьяат 24 настай, Э гэх залуу байсан” гэв. Тус уурхайд үе үе үйлдвэрийн осол гардаг ч нуугаад өнгөрсөн тохиолдол нэг бус удаа гарсан талаар орон нутгийн эх сурвалжууд хэлж буй юм. Тухайлбал, Дундговь аймгийн харьяат нэг залуу Таян нуурт ажиллаж байгаад хөл, гаргүй болсон гэх мэдээлэл байна.