Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд өнгөрсөн ням гаригт гурван хүний амь насанд халдаж, хоёрыг нь хөнөөж, нэгийг нь шархдуулсан ноцтой хэрэг гарлаа. Хохирогчдын нэг нь тус аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд ажиллаад удаагүй байсан залуу аж. Болсон хэргийн талаар Сүхбаатар аймгийн Цагдаагийн хэлтсийн эх сурвалжаас тодруулахад “Гурван хүн буудуулж, хоёр нь амиа алдсан, нэг нь шархадсан гэсэн дуудлагын дагуу манайхаас Ажлын хэсэг гарч Мөнххаан суманд ажиллаж байгаа. Тэндээс тодорхой мэдээлэл ирүүлээгүй байна. Энэ хэрэгтэй холбогдуулж ЦЕГ-ын даргын тушаалаар УМБГ-ын Онц хүнд гэмт хэрэг мөрдөх хэлтсийн ахлах мөрдөн байцаагч, хошууч Золжаргалаар удирдуулсан ажилтнууд ирсэн” гэлээ. Тус аймгийн Прокурорын газрын албаны хүн “Нас барсан хоёр хүний цогцост задлан шинжилгээ хийж байна. Болсон хэргийн талаар тодорхой мэдээлэл өгөх боломжгүй. Хэрэг үйлдсэн этгээд гэрээсээ 13 км зайд боомилж, амиа хорлосон байхыг олсон. Түүний цогцост ч бас задлан шинжилгээ хийж байна” гэв.
Албан үүргээ гүйцэтгэж яваад амиа алдсан шийдвэр гүйцэтгэгч В.С нь 1983 онд Сэлэнгэ аймагт төрсөн, 2005 онд Цагдаагийн академи төгсөөд хорих ангид хянагчаар ажиллаж байсан гэнэ. Улмаар 2013 оны дөрөвдүгээр сард Сүхбаатар аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд шийдвэр гүйцэтгэгчээр ажиллах болжээ. Тэрбээр энэ сарын 1-нд ахлах шийдвэр гүйцэтгэгч, ахмад Ц.Аваасүрэнгийн хамт Мөнххаан сумаас зүүн тийш 50 км-т байдаг Баян Тэрэм гэх газарт өвөлжиж буй Б.Эрдэнэсүхийнд очжээ. Б.Эрдэнэсүхийн эхнэр Д.Отгонзаяа өнгөрсөн намар гэр бүлийн таарамжгүй харилцаанаас болж, гэрлэлтээ цуцлуулах хүсэлт гаргасан аж. Түүний хүсэлтийг Сүхбаатар аймгийн Сум дундын шүүхийн шүүгч П.Болормаа аравдугаар сарын 22-нд шийдвэрлэж, хүү Э.Алтанхуягт тэтгэмж тогтоож, дундын хөрөнгөөс нь 71 толгой малыг эхнэрт нь, 17-г гурван настай хүүд нь олгохоор болсон аж.
Б.Эрдэнэсүх шүүхийн эл шийдвэрийг зөвшөөрч, давж заалдах гомдол гаргаагүй аж. Тиймээс Д.Отгонзаяа анхан шатны шүүхэд хандаж, шийдвэр албадан гүйцэтгүүлэх хуудас бичүүлж авсны дагуу аймгийн Шийдвэр гүйцэтгэх алба ажиллагаа явуулах болсон аж. Ингээд шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрт дурдсаны дагуу 22 бод, 66 богийг зүс, им тамгаар нь ялгаж, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хийж эхэлсэн гэнэ. Энэ үед Б.Эрдэнэсүх шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаанд саад учруулж, В.С-ыг хөнөөгөөд, тэдэнтэй хамт ирсэн Д.Отгонтуяагийн ар гэрийн таван хүний нэг Б-г мөн бүрэлгэж, тэдний жолооч Бийн мөрийг шархдуулаад зугтсан байна. Тэрбээр зугтах үедээ хөт өлг өө морьтой явж, буугаар зэвсэглэсэн тул ЦЕГ-ын Тусгай хэлтсийн 17 ажилтан нийслэлээс хүч нэмэгдүүлж очсон гэнэ. Түүнээс гадна ШШГЕГ-ын Тусгай бүлгийнхэн эрлийн ажиллагаанд оролцсон байна. Баян Тэрэм уулаас тал тал тийш нэлээд өргөн газрыг хамарч хайсан бөг өөд өвөлжөөнөөсөө 13 км зайд сэжигтэн Б.Эрдэнэсүх амиа хорлосон байсныг өчигдөр 13.00 цагийн үед эрлийн бүлгийнхэн олсон гэнэ. Б.Эрдэнэсүх нь 1988 оны нэгдүгээр сарын 11-нд төрсөн, бүрэн бус дунд боловсролтой, Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын V багийн харьяат байжээ.
Орон нутгийн эх сурвалж “Д.Отгонзаяагийн хамт очсон хүмүүс хэрэг болсон талаар 18.15 цагийн үед цагдаад мэдэгдсэний дагуу аймгийн Цагдаагийн хэлтсээс Ажлын хэсэг гарч, хэргийн газарт очсон. Б.Эрдэнэсүх буугаа авч, шийдвэр гүйцэтгэгч нар руу шагайх үед ээж нь хориглож ноцолдсон. Энэ үед нэг нь зугтсан, нөгөө нь суманд оногдсон. Ингэж ноцолдож байх үед ээжтэй нь элбээд түүнийг дарж авсан бол хоёр хүний амь үрэгдэж, нэг хүн шархдахгүй байж ч болно шүү дээ” гэлээ. Зарим мэдээллийн хэрэгслээр эхнэр Д.Отгонзаяа нь сураггүй болсон хэмээж буй ч Ажлын хэсгийнхэн энэ мэдээллийг үгүйсгэж байлаа. Албан үүргээ гүйцэтгэж яваад амиа алдсан ШШГЕГ-ын харьяа хорих ангийн харгалзагч олон байдаг бөгөөд харин шийдвэр гүйцэтгэгч ажлаа хийж яваад амиа алдсан анхны тохиолдол нь энэ болсныг хэллээ.
88 толгой мал эхнэр, хүүхдэд нь авч өгөх шүүхийн шийдвэр гүйцэтгэж, бусдын зөрчигдсөн эрхийг хангахын төлөө явж байсан залуу ажил үүргээ гүйцэтгэж байгаад амиа алдсан нь ШШГЕГ, шүүхийн шийдвэр гүйцэтгэгчдийн амь нас, эрүүл мэндийн баталгааг хангах талаар Хууль зүйн яам нэгийг бодохгүй бол болохгүйг сануулсан үйл явдал болов. Олон сая, тэрбум төгрөгийн өр авлагыг барагдуулах ажил хийдэг шийдвэр гүйцэтгэгч нарт элдэв дарамт үзүүлж, эрүүл мэнд, амь насанд нь халдах гэсэн оролдлого цаашид гарахгүй байх баталгаа алга.
Г.РАВЖАА