Шүүх, шүүгчдийг зөвхөн хэрэг, маргаан тасалдаг гэх өрөөсгөл ойлголт монголчуудад бий. Шударга шүүх ардчилсан төр, хүний эрх, эрх чөлөөний баталгаа төдийгүй эдийн засгийн хөгжлийн нэг хөшүүрэг болдог. Шударга шүүх тухайн орныхоо эдийн засгийг 10 шахам хувиар өсгөдгийг судлаачид тогтоожээ. Тэгэхээр шүүх, шүүгчид шударга байх нь улс орны нийгэм, эдийн засгийн болон бусад харилцаанд онцгой үүрэг гүйцэтгэдэг байх нь. Нийгэмд шударга ёс тогтоох үйлсэд Монголын шүүх, шүүгчид чамлалтгүй үүрэг гүйцэтгэсэнтэй маргах хүн цөөн биз. Гэхдээ саар үүрэг гүйцэтгэсэн цаг үе, баримт жишээ ч бас бий. Монгол Улс ардчилал, зах зээлийн нийгэмд шилжсэнээр шүүх байгууллага, шүүгчид шинэ нөхцөлд ажиллах болсон. Сүүлийн 20 шахам жил нийгмийн зүгээс хамгийн их шүүмжлүүлж, хэл амны бай болсон нь шүүх, шүүгчид. Тиймээс Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Шүүхийн тухай багц хуулийн төсөл санаачлан боловсруулж, олон нийт, мэргэжлийн байгууллага, судлаачид, УИХ-аар олон сар хэлэлцүүлсний эцэст баталж, хэрэгжүүлэх шатандаа явж байна. Багц хуулийн зарим нэг зүйл, заалт маргаан дагуулж, Үндсэн хуулийн цэц дээр унаад байгаа ч бүхэлдээ шударга ёс тогтоох, шүүх, шүүгчдийн хараат бус байдлыг баталгаажуулсан хууль болсон гэж хуульчид үнэлдэг юм билээ.
“Өнөөдөр” сонин “Төрийн алба төрлийн алба болсон уу” гэсэн сэдвээр цуврал материал бэлтгэхээр болсон тухайгаа уншигчдадаа дуулгасан. “Улсын прокурор уу, Увс, Ховдынхны прокурор уу” гэсэн нийтлэлээр эхэлсэн энэ ажил олон нийтийн талархлыг хүлээгээд буй. Энэ удаа бид ардчилал, хүний эрх, эрх чөлөө, чөлөөт эдийн засгийн баталгаа болсон шүүхийг онцлов. Цуврал нийтлэлээ шүүх, прокуророос эхэлсэн нь тохиолдлын хэрэг биш. Нийгэмд шударга ёс тогтоож, төрийн албыг төрлийн хэлхээнээс хол байлгахад энэ хоёр байгууллага, хуульчид үлгэр жишээ үзүүлэх ёстой учир “овоо хараанд” маань эхлээд өртсөн хэрэг. Прокуроруудыг сонгон шалгаруулах, ажил албанд томилох нь ганц хүний буюу Улсын ерөнхий прокурорын үзэмжээр шийдэгддэг гэхэд болно. Тэгвэл шүүгчдийг Шүүхийн ерөнхий зөвлөл хэмээх байгууллагын шүүлтүүрээр оруулдаг. Энэ зөвлөлд шүүгчдээс гадна олон нийтийн төлөөлөл оролцдог тул үйл ажиллагаа нь харьцангуй шударга. Гэсэн хэдий ч шүүх засаглалынхан маань төрийн албаа төрлөөсөө хол байлгаж чадсангүй.
1.Улсын дээд шүүхийн ерөнхий шүүгч Ц.Зориг. Эгчийнх нь хүүхэд Б.Халиун Чингэлтэй дүүргийн шүүхэд шүүгчээр ажилладаг. Түүнийг шүүгч болоход нагацынх нь нэр нөлөө их байсан гэдгийг шүүгчид ярьж байсан.
2.Шүүхийн ерөнхий зөвлөлийн гиш үүн Д.Эрдэнэчулуун. Тэрбээр эхнэр Х.Эрдэнэсувдыгаа прокурор байхад нь шүүхэд шилжүүлж, Баянгол дүүргийн шүүхийн шүүгч болгожээ. Өөрөө Улсын дээд шүүхийн Тамгын газрын дарга болоод эхнэрээ Нийслэлийн шүүхийн шүүгч, Давж заалдах шатны шүүхийн шүүгчээр дэвшүүлсэн гэдэг. Эхнэрээ энд удаалгүй, Улсын дээд шүүхийн шүүгч болгож, өөрөө Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүнээр сонгогджээ. Шүүхэд насаараа ажилласан, нэр хүндтэй олон шүүгчийн дээгүүр харайж, Улсын дээд шүүхэд ирсэн Х.Эрдэнэсувдыг хамт олон нь чадвар муутай хэмээн тодорхойлдог.
3.Улсын дээд шүүхийн Иргэний танхимын тэргүүн шүүгч Б.Ундрах. Хамаатныхаа Идэрбат хэмээх залууг өөрийн танхимдаа шүүгчийн туслахаар авчээ.
4.Улсын дээд шүүхийн Эрүүгийн танхимын шүүгч Т.Уранцэцэг. Төрсөн дүүгээ шүүгчийн туслах болгосон.
5. Улсын дээд шүүхийн ерөнхий нягтлан Жанхар. Шүүхийнхэн түүнд ам сайтай, чадварлаг нягтлан гэдэг. Түүнийг УДШ-ийн Ерөнхий шүүгч асан С.Батдэлгэр анх ажилд авч байжээ. Ингээд зогсохгүй ажилгүй шахам явсан нөхөр Б.Цогтыг нь Чингэлтэй дүүргийн шүүхийн шүүгчээр томилуулсан гэх. С.Батдэлгэрийн оронд Нийслэлийн шүүхийн ерөнхий шүүгч болсон Ц.Зориг Б.Цогтыг Баянгол дүүргийн шүүхийн ерөнхий шүүгчээр томилуулсан гэнэ. Энд дөрвөн сар ажиллаад тэрбээр Улсын дээд шүүхийн шүүгч болжээ. Хэн хүний хүрч чаддаггүй албан тушаалд ногоон гэрлээр очсон нь шүүгчдийн харыг төрүүлдэг юм байна.
6.Нийслэлийн шүүхийн ерөнхий шүүгч Б.Сарантуяа. Хүү Г.Даваадорж нь Баянгол дүүргийн шүүхэд шүүгч. Улсын дээд шүүхийн шүүгчийн сонгон шалгаруулалтад өрсөлдсөн ч бараагүй. Гавьяат хуульч ээж нь “Хүүгээ Дээд шүүхийн шүүгч болгож байж тэтгэвэртээ сууна” гэж ярьж явсан гэж шүүхийнхэн шивэр авир ярилцдаг юм билээ.
7.Нийслэлийн шүүхийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батсайхан. Төрсөн дүү Н.Батчимэг нь Баянгол дүүргийн шүүхэд туслах шүүгч байсан. Хөдөө ажиллаж байгаад нийслэлд шилжин ирж, одоо Баянзүрх дүүргийн шүүхэд шүүгчээр ажилладаг.
8.Улсын дээд шүүхийн шүүгч Д.Эрдэнэбалсүрэн. Төрийн өндөр алба хашиж буй эрхмүүд өөрийн хамаатан садан, найз нөхдөө шүүхэд шургуулдаг, шургуулахыг оролддог талаар шүүгчид ярьдаг. Улсын дээд шүүхийн шүүгчээр томилогдсон Д.Эрдэнэбалсүрэнг төрийн өндөр дээд албан тушаалтны ихэд ойрын хамаатан гэх юм билээ. Шүүн таслах ажиллагаанд нэг ч удаа оролцож үзээгүй, хавтаст хэргийн нэг ч хуудас эргүүлж байгаагүй түүнийг Дээд шүүхийн гишүүний шалгаруулалтад эцсийн мөчид оруулж ирэн томилсонд хамаатных нь гар оролцсон байх гэж шүүгчид харддаг. Д.Эрдэнэбалсүрэн Дээд шүүхэд ирэхээсээ өмнө Мянганы сорилтын санд ажиллаж байжээ.
9.Улсын дээд шүүхийн шүүгч Г.Цагаанцоож. Улсын ерөнхий прокурор Д. Дорлигжавын ангийн анд. Улсын дээд шүүхийн шүүгч болоход Монгол Улсын ерөнхий прокурор, ангийн андынх нь нөлөө их байсан гэдэг.
10. Улсын дээд шүүхийн шүүгч Х.Батсүрэн.ЗХУ-ын Дотоод явдлын яамын академи төгссөн тэрбээр 2000 оноос шүүхэд орсон. 2004 оноос Захиргааны хэргийн шүүхэд ажиллаж эхэлсэн түүнийг Дээд шүүхийн шүүгч болсонд олон хүн гайхдаг. Учир нь Нийслэлийн Захиргааны хэргийн шүүхийн Ерөнхий шүүгчээр нэг жил ажиллах хугацаанд тус байгууллагын ажил унасан нь түүний ур чадвар, дадлага туршлагагүйтэй холбоотой гэж мэргэжил нэгт нөхөд нь ярьж байна. Дээд шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Зоригийн түлхээсээр энэ эрхэм 2012 оноос Дээд шүүхийн шүүгч болжээ.
11. Улсын дээд шүүхийн шүүгч Х.Сонинбаяр. Налайх дүүргийн шүүхээс ажлын гараагаа эхэлсэн тэрбээр энэ салбартаа олон жил ажилласан ч мэргэжил нэгт нөхдөдөө хүлээн зөвшөөрөгдөөгүй нэгэн. Ховд аймгийн Булган сумын уугуул түүнийг төрийн томчуудын халаасны хүн гэж салбарынхан нь шивэр авир хийдэг.
12. Улсын дээд шүүхийн шүүгч М.Батсуурь. Шинээр баталсан Шүүхийн багц хуульд Дээд шүүхийн шүүгч давж заалдах шатны шүүхэд таваас доошгүй жил ажилласан байх ёстой гэж хуульчилсан боловч хууль хэрэгжүүлэгчид хуулиа зөрчсөөр байна. М.Батсуурь эрх зүйч мэргэжилтэй, 2011- 2013 онд Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд хоёр жил ажилласан. Эрх баригч намынхан түүнийг шахаж, шинэ хууль мөрдөгдөхөөс өмнөхөн Дээд шүүхийн шүүгчээр яаран томилуулжээ.
13. Улсын дээд шүүхийн шүүгч Д.Ганзориг. Анхан шатны шүүхээс шууд Дээд шүүхийн шүүгчээр томилогдсон хүний нэг. Тэрбээр МУИС-ийн Хууль зүйн дээд сургуулийг төгссөн цагаасаа эхлэн энэ салбарт ажиллаж буй ч Дээд шүүхийн шүүгчээр ажиллахад дэндүү балчирдах нэгэн гэдгийг шүүгчид хэлж байна. Д.Ганзориг Дээд шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Зоригийн лообийгоор энэ албан тушаалд томилогдсон гэдэг юм билээ.
14.Сүхбаатар дүүргийн шүүхийн шүүгч Д.Мөнх-Эрдэнэ. Улсын ерөнхий прокурор Д.Дорлигжавын төрсөн дүү.
15. Төв аймгийн шүүхийн ерөнхий шүүгч асан, гавьяат хуульч Ц.Рашзэвэгийн хоёр хүүхэд шүүхэд ажилладаг. Р.Булган нь Хэнтий, Р.Мөнх-Эрдэнэ нь Дундговь аймгийн шүүхийн шүүгч.
Шүүгч аав, ээжийн хүү шүүгч байж болохгүй гэсэн хууль үгүй. Эцэг эхийнхээ мэргэжлийг өвлөсөнд нь буруутгах аргагүй. Гэхдээ тэд шударга зарчмаар албан тушаалд дэвших учиртай. Албан тушаалыг аавынхаа, ахынхаа, андынхаа, намын нэр нөлөөгөөр авч болохгүй. Хэргийн учир үүнд л байна.
Шүүх босоо тогтолцоотой байгууллага. Шүүх, шүүгчийн алдааг дээд шатных нь шүүх, шүүгч л засахаас биш, өөр хэн ч залруулдаггүй. Тиймээс шүүгчид нарийн шалгуураар орсон, өндөр мэдлэгтэй хуульч байх учиртай. Нөгөө талаар садан төрлийн, анд нөхдийн, ашиг сонирлын зөрчил огт байж таарахгүй. Саяхан болтол Улсын дээд шүүх 17 гишүүнтэй байв. Шүүхийн багц хууль батлагдсантай холбоотойгоор тэднийг 25 болгон нэмэгдүүлсэн. Сүүлд нэмэгдэж орсон найман хүний дотор Д.Эрдэнэбалс үрэн, Д.Мөнхтуяа, Д.Цолмон гээд шүүн таслах ажиллагаанд оролцож үзээгүй, “Монгол Улсын нэрийн өмнөөс...” хэмээн шүүхийн шийдвэр уншиж үзээгүй хүмүүс бий. Хуулийг талх шиг хэрэглэж, шүүхийн хүндийг үүрч, насаараа энэ байгууллагад ажиллаж байгаа анхан, давж заалдах, хяналтын шатны шүүхийн шүүгчдийн алдаа оноог тэд дэнслэхээр болсонд мэргэжил нэгтнүүд нь таагүй хандаж байна.
Б.ГАЛДАН, Х.ХАНГАЛ