“Энержи ресурс” компанийн уурхайд энэ сарын 23-нд осол гарч, 27 настай Б амиа алджээ. “Энержи ресурс” ХХК-ийнхнаас энэ талаар тодруулахад “Албан ёсны дүгнэлт гараагүй тул бид мэдээлэл өгөх боломжгүй” гэв. Талийгаачийн төрсөн ах Д.Туваанбаттай уулзлаа.
-Осол гараад бараг долоо хонох гэж байна. Гэтэл энэ талаар ямар нэгэн мэдээлэл одоо хэр нь алга.
-Компанийнхан ослын талаар нууж, зарим хэвлэл, телевизээр гарах гэж байсан мэдээллийг болиулсан юм билээ. Хүний амь нас хохирчихоод байхад нууж болохгүй шүү дээ.
-Та газар дээр нь очсон байх. Чухам юу болсон юм бэ?
-“Дүү чинь машинд дайруулчихлаа” гэж хэлсэн даруйд онгоцоор очсон. Осол энэ сарын 23-ны 14.50 цагийн орчимд гарчээ. Миний дүү энэ компанид хүнд машин механизмын засварчнаар гурван жил ажилласан. Осол гардаг өдөр дүү минь тусгай төхөөрөмж бүхий өргүүрээр ажлаа хийж байсан юм билээ. Гэтэл 250 тоннын даацтай “Белаз” жолоодож явсан хүн араас нь дайрчээ.
-Өргүүр дотор сууж байсан хүнийг дайрсан хэрэг үү. Дайрсан жолооч эрүүл байсан юм болов уу?
-Харин тийм ээ, өргүүрт сууж байсан хүнийг танигдахын аргагүй болтол нь дайрсныг хараад би нүдэндээ ч итгээгүй. Тэр жолооч “Унтаж яваад ийм осол гаргачихлаа” гэж мэдүүлсэн гэсэн. Тухайн хүнийг ажилд гарахад нь эмч үзэж, хөдөлмөр хамгааллын байцаагч анхаарал тавих ёстой. Гэтэл тэр хүнийг шууд ажилд нь гаргасан байгаа юм. Бидэнд тодорхой мэдээлэл өгөхгүй байна. Эмч, хэрэг гарах үед ойрхон байсан ажилчид, компанийн удирдлага нь өөр өөр зүйл хэлсэн. Ослыг харсан залуус бидэнд үнэнийг хэлэх гэсэн ч дээрээс нь хориглож “Ажлаас чинь хална” гэж сүрдүүлсэн байна лээ. Түүнээс гадна хэргийн газарт цагдаагийнхан очоогүй байхад “Белаз”, өргүүрийг байрнаас нь хөдөлгөчихсөн байсан. Уг нь хэргийн газрын баримтыг хөдөлгөж болдоггүй гэдгийг хэн хүнгүй л мэднэ дээ. Бид хэн нэгнийг буруутгах гээгүй. Гэтэл энэ мэт байдал нь биднийг улам хүнд байдалд оруулж байна.
-Ослын дараа дүү чинь амьсгаатай байсан гэсэн мэдээлэл бидэнд ирсэн юм.
-Дүү маань амьсгаатай байсан гэсэн. Эмч нь тэр даруй анхан шатны тусламж үзүүлэлгүй, 10 км-ийн цаана байдаг сум руу авч явсан байна лээ. “Хэрвээ тэр үед шаардлагатай эмчилгээ хийсэн бол...” гээд л ах нь олон зүйл бодож, харамсаж сууна. Гэрлэж ч амжаагүй явсан дүү минь цэл залуугаараа нас барлаа.
-Компанийнхан та бүхэнтэй уулзсан уу. Эрүүгийн хэрэг үүсгэсэн болов уу?
-Аймгийн цагдаагийнхан ажлаа хийж байгаа байх аа. Тэрийг сонирхох ухаангүй л явна. Уурхайд 25-30 орчим насны олон залуу ажиллаж байна. Тэдэнтэй уулзахад хөл, гараа хугалсан, хөдөлмөр хамгааллын аюулгүй байдал алдагдсанаас хараагүй болсон гэх хүн цөөнгүй байна лээ. Гэтэл тус компанийнхан ослыг нуугаад өнгөрдөг юм билээ. Үндэсний хэмжээний том компани ийм хариуцлагагүй, тэгээд хүний амь нас хохирсныг нууж байгаад харамсах юм. Компанийнх нь нэр хүнд миний дүүгийн аминаас үнэтэй бололтой.
Х.ОЮУНСҮРЭН