Сүүлийн 20-иод жил манай улс нэг системээс өөр систем рүү шилжих үеийг далимдуулж төрийн албыг хөрөнгөжих, хахууль авах хэрэгсэл болгосон хүн олон гарсан. Харин манай улс 2006 онд Авлигын эсрэг хуулийг баталж, 2007 оны нэгдүгээр сарын 11-нээс АТГ-ыг байгуулснаар төрийн мөнгөнд гараа дүрсэн, албан тушаалаа урвуулж, хахууль авсан, өгсөн олон хүн энэ газрын хаалгыг татаж, хийх ёстой ажлаа хийхдээ шан харамж авахыг санаархагч цөөнгүй хүн тус газраас бэргэдэг болсон билээ.
АТГ байгуулагдсан 2007 онд эрүүгийн 86 хэргийг шалгаж, 212 хүнийг сэжигтэн яллагдагчаар татсан байдаг. Энэ тоо жил тутам нэмэгдэж байгаа тухай АТГ-ын статистик дүн бий. Шүүхээр шийдвэрлэсэн авлига, албан тушаалын хэргийн тоо ч жил бүр нэмэгдсэн үзүүлэлттэй байгаа. Тухайлбал, 2010 онд энэ төрлийн 15 хэрэгт 20 гаруй хүн шийтгүүлж байжээ. 2011 онд 18 хэрэгт 30-аад хүн шийтгүүлсэн гэсэн дүн мэдээ байна. Харин өнгөрсөн онд 15 хэрэгт 29 хүн шийтгүүлсэн гэсэн тоо байдаг.
Хэрэв Авлигын өршөөлийн хуулийн төслийг боловсруулж УИХ-аар батлуулсан тохиолдолд эдгээр хэрэг цагаадаж, 3-5 жилийн хорих ял шийтгүүлсэн, эсвэл оноосон ялыг нь тэнсэн харгалзаж буй цагаан захтнууд ялаас чөлөөлөгдөнө гэсэн үг. Мөн өдгөө мөрдөн байцаалтад байгаа 40-өөд гэмт үйлдэл хуулийн үйлчлэлээс өмнө илэрсэн олон гэмт үйлдэл өршөөгдөж, эзэд нь гэмгүй болно гэсэн үг.