Энэ оны долдугаар сард ОХУ-ын Төрийн ДУМ Эдийн засгийн өршөөл үзүүлэх тухай хууль баталж, эдийн засгийн гэмт хэрэгтнүүдээ “харж, үзсэн” шиг манай УИХ удахгүй хөрөнгө, мөнгөө нууцалсан этгээдүүдэд өршөөл үзүүлэх тухай хуулийг санаачлан баталж магадгүй нь. Яригдаж эхэлсэн хуулийн хүрээнд авлигын гэмт хэрэгт холбогдсон болон гадаадад үл хөдлөх хөрөнгөтэй, оффшор бүсэд данстай нөхдийг өршөөнө гэсэн бор шувуу сүүлийн өдрүүдэд дуулдах болов. Эх сурвалжууд УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат “Гэмт хэргийн тухай хуулийн төслийг хэлэлцэж байгаа үед эдийн засгаа давхар тунгалагшуулж, санхүүгийн өршөөл үзүүлэхэд гэмгүй” гэх асуудлыг манай намын бүлэг ярьсан гэж мэдээнээс энэ яриа эхтэй гэж тайлбарлаж байна.
Санхүүгийн өршөөлийн чимээг тандаж УИХ-ын гишүүдээс сураглавал мэдэх хүн алга. Эрхэм гишүүд ийм асуудал УИХ-ын Эдийн засаг болон Хууль зүйн байнгын хороонд яригдах нь бүү хэл гар дээр хуулийн төсөл ирээгүй гэцгээж байна. Нөгөө талаар авлигачдыг өршөөх сураг Төрийн ордонд тэнүүчилж эхэлсэн нь холбогдох хуулийн төсөл хэзээ мөдгүй УИХ-ын босгыг давж болзошгүйг харуулж байна гэж үзэх хүн ч байна. Энэ бүхэн бол дээрх мэдээг нийгэмд түгээж, олны сэтгэл зүйг дасгах гэсэн зохион байгуулалттай ажил гэж үзэж буй бололтой. Монголын төр санхүүгийн зөрчил үүсгэж, татвараас зайлсхийсэн аж ахуйн нэгжүүдээ 2008 онд нэг удаа өршөөж байсан. Тухайн үед одоогийн Барилга, хот байгуулалтын сайд, УИХ-ын гишүүн Ц.Баярсайхан нарын найман гишүүн Татварын багц хуулийн төслийг УИХ-д өргөн барьж, парламент 2007 оны төгсгөлд, шинэ он солигдохоос 48 цагийн өмнө анхны хэлэлцүүлгээр, гишүүдийн 100 хувийн саналаар баталж байв. Энэ хууль хэрэгжиж эхэлснээр хөлжиж, далд ашиг орлого нь ДНБ-ий 30 орчим хувьд хүрч явсан аж ахуйн нэгжүүд ямар ч хариуцлага үүрээгүй.
Мөн энэ үед татвараа нуун дарагдуулсан хэргээр Эрүүгийн хуулийн дагуу шалгагдаж байсан болон шүүх дээр хэлэлцэгдэх байсан хэргүүд хэрэгсэхгүй болсон юм. Тухайн үед Монгол Улсад бүртгэлтэй 48 мянган аж ахуйн нэгжийн 2800 буюу ердөө хоёр хувьд нь энэ хууль аврал, бас ач тус болсон. Улс орны эдийн засаг хүндэрч байгаа ийм үед төр дахин нэг удаа санхүү, эдийн засгийн өршөөл үзүүлэхэд болохгүй юм байхгүй гэж зарим эх сурвалж үзэж байгаа аж. Нөгөө талаар Улсын төсөв 1.5 их наяд төгрөгөөр тасраад байхад төр эдийн засгийн өршөөл үзүүлэх нь эрх хүүхдийг “өөгшүүлсэн”-тэй ижил асуудал болно гэсэн яриа дагалдаж байна. Мөн хуулийн чимээг дагаж “Оффшор бүсэд данстай нь ил болсон С.Баярцогтын ард өөр олон хүн бий. Тиймээс авлигын гэмт хэрэгт холбогдсон, ашиг орлогоо нуусан төрийн өндөр албан тушаалтнуудад зориулсан хууль батлах гэж байна. Энэ бол тэдний гадаадад байгаа үл хөдлөх хөрөнгө, оффшор бүсэд хадгалсан дансыг “уучлах”-д чиглэсэн хууль” гэсэн шүүмж өрнөөд эхэлжээ. Авлигын өршөөлийн хуулийн сураг ийм байр суурь дагуулж байна.
Д.ОТГОО