“Нэр хугарахаар яс хугар” гэдэг үг байдаг даа. Монголчуудын цусанд байдаг нэг онцгой чанар бол нэрээ хичээх. Гэтэл сүүлийн үед нэр байтугай улсаа худалдахаас ч буцахгүй хүмүүс цөөнгүй болж. Монгол гэдэг нэрийг уландаа гишгэж, биднийг нүүр хийх газаргүй болгосон “гар урттай” хүмүүсийн хэргийг Мөрдөн байцаах газрынхан шалгаж байна. Азийн орнуудын томоохон дэлгүүрийн үүдэнд “Монгол хүн орохыг хориглоно” гэсэн анхааруулга байвал гайхах хэрэггүй. Ийм үг үүдэндээ хадсан үнэт эдлэлийн үзэсгэлэнгийн танхим, том дэлгүүр Тайвань, Малайзад хэд хэд бий болжээ. Монголчуудын нүүрийг түлсэн тэдгээр хүмүүс хэн гэгч болох, ямар аргаар гэмт хэрэг үйлдсэнийг дурдъя.
“УРТ ГАРТНУУД” ХЭН БАЙВ
Есөн сарын өмнө БНХАУ-ын Шинжинь хотын гоёл чимэглэлийн үзэсгэлэнгийн танхимаас 10 сая юанийн буюу 2.3 тэрбум төгрөгийн үнэтэй сувдан эдлэл алга болжээ. Үзэсгэлэн зохион байгуулагчид эхэндээ сувдан эдлэл алга болсныг мэдэлгүй бараг таван цаг орчим болсон гэнэ. Гэтэл үйлчлүүлэгч тэрбумтан эмэгтэй нэг сувд сонгоод, ижлээс нь 120 ширхгийг авах гэтэл тоо ёсоороо байсан сувд дутсан аж. Сандарч, тэвдсэн худалдагч харуул хамгаалалтын албаны хүмүүсээ дуудан тэр даруй камерийн бичлэгээ үзжээ. Гэтэл мөнөөх 2.3 тэрбум төгрөгийн үнэтэй сувдан эдлэлийг нь малгай духдуулан өмссөн эрэгтэй, эмэгтэй хоёр атгаад халаасалж буй дүрс камерт үлджээ. Ингээд эрлийн ажил эхлэв. Бусдын үнэт эдлэлийг өөрийн мэт авч буй мөнөөх хоёр хүний царайны ерөнхий төрхийг дор нь гаргаад ирж. Үндэстэн болгон өөрийн гэсэн онцлог төрхтэй. Ам зураг гаргасан Хятадын мөрдөх ажилтнууд хулгайчдыг монгол хүн болохыг төвөггүй тогтоож, манай цагдаагийн байгууллагад тэдний мэдээллийг явуулжээ.
ХАРУУЛ ХАМГААЛАЛТЫГ ТЭД ХЭРХЭН НЭВТРЭВ
Энэ хэргийг үйлдэгч Э.Мөнхбат нарын дөрвөн иргэнийг гэмт хэрэг үйлдсэнээс хоёр сарын дараа Мөрдөн байцаах газрынхан саатуулжээ. Тэдний хоёр нь өмнө нь хулгайн гэмт хэрэгт холбогдон 2006 оны Өршөөлийн хуулиар суллагдсан аж. Харин Э гэгч өмнө нь хүн амины хэрэгт холбогдон ял эдлээд, 2012 онд суллагдсан нэгэн. Тэдний хоёр нь гэр бүлийн хүмүүс. Мөрдөн байцаалтын явцад эхнэр, нөхөр хоёр бүлэглэн гэмт хэрэг үйлдсэнээ хүлээжээ. Тэд лангуундаа бараа авах нэрээр Хонконг, Малайз, Сингапур, Бээжин, Хөх хот, Шинжинийг зорингоо хулгай хийх газраа судалдаг байж. Хаана, хэзээ, үнэт эдлэлийн үзэсгэлэн болох, ямар үнэт эдлэл зарах, яаж байрлуулах гэж буйг судалсаар багагүй хугацааг өнгөрөөж. Эцэст нь үзэсгэлэн нээгдэхийг хүлээн хулгай хийх боломж буйг мэджээ. Энэ ажилдаа Н, Г нарыг татан оролцуулан бүлэг болов. Малайзад болсон үнэт эдлэлийн үзэсгэлэн нээгдэх өглөө зарим нэг оролцогчид үнэт эдлэлээ лангуундаа өрж амжилгүй тэвдүүхэн байсан аж. Үнэт эдлэл сонирхогчдод бараагаа үзүүлэх гэсэн худалдагчид сандарч буй агшныг тэд ашиглаж, буруу харах зуур нь халаасалж дөнгөв.
Их хэмжээний шүр, сувдан эдлэл алдсан худалдагч “Ийм зүйл байж болохгүй. Яаж чадаж байна аа” хэмээн уйлж, бас гайхаж байсан гэдэг. БНХАУ-ын хууль чанга, хулгай хийсэн хүнийг хамгийн багадаа 10, хулгайлсан эдлэлийн мөнгөн дүнгээс хамаарч 15-20, бүлэглэн үйлдсэн бол 20-25 жил хорих ялаас гадна хохирлын хэмжээг 10-15 дахин нэмж төлүүлдэг, дахин үйлдсэн хүнийг насаар нь хорих хуулийн заалттай учир хулгайн гэмт хэрэг гарах нь бараг үгүй. Тэр дундаа үнэт эдлэлийн хулгай гардаггүй гэхэд бараг хилсдэхгүй. “Хулгай хийж болохгүй гэсэн ойлголт хүн бүрт байдаг. Түүнээс гадна харуул хамгаалалт, камерийн хяналт сайн байдагтаа найдаад хайнга ханджээ. Гэхдээ бичлэгээ ашиглан хулгай хийсэн хүн хэн болох, хэзээ манай улсад ирсэн гээд олон мэдээллийг бид олж авсан. Манай байгууллага найм дахь жилдээ ийм арга хэмжээ зохион байгуулж байна. Өмнө нь нэг ч удаа хулгайн хэрэг гарч байгаагүй” гэж үнэт эдлэлийн үзэсгэлэнг зохион байгуулагч Ли Жи Мон ярьжээ. Тэрбээр “Гар урттай хүмүүсээс болж манай үзэсгэлэнгийн нэр хүнд олон улсад унах болохоор монголчуудыг оролцуулахгүй байх арга хэмжээ авах шаардлагатай гэдгийг ойлголоо” гэжээ.
БҮЛЭГ ХУЛГАЙЧИД ҮНЭТ ЭДЛЭЛЭЭ ХЭСЭГ ХЭСГЭЭР НЬ ХИЛ ДАВУУЛЖЭЭ
Малайз, Хонконг, Тайваньд зохион байгуулсан үнэт эдлэлийн үзэсгэлэнгээс Э.Мөнхбат нарын хүмүүс нийт гурван тэрбум төгрөгийн үнэтэй сувд, шүрэн ээмэг бөгж, үнэт чулуун эдлэлийг хулгайлснаа хүлээгээд байна. Их хэмжээний үнэт эдлэлийг хилээр нэвтрүүлэхгүй учир тэд хулгайлсан эд зүйлээ нэг сарын хугацаанд хэсэг хэсгээр нь хил давуулсныг тогтоожээ. “Гаднынхан итгэмтгий байдаг. Үнэт эдлэл сонирхож буй хүмүүсийн ихэнх нь тэрбумтнууд болохоор хулгайлна гэж боддоггүй юм билээ. Энэ байдлыг нь мэдээд хулгай хийхээр шийдэж, эхний удаа мэдээгүй учир дахин хийх сэдэл төрсөн” гэж сэжигтэн Г ярьжээ. Тайвань, Малайзад очоод ирсэн хүмүүс “Монгол хүн орохыг хориглоно” гэх сануулгыг хараад гайхаж, яагаад ингэж буйг асуухад “Та монгол уу” гэж асуугаад үзэсгэлэнгийн танхим руу орохгүй байхыг хүсчээ. Нэрээ нууцлахыг хүссэн бизнесмений гэр бүлийнхэн энэ тухай бидэнд хэлсэн. Гэтэл Тайваньд суугаа төлөөлөгчийн газар,
Малайзын асуудлыг хариуцан Тайландад суугаа эдийн засгийн төлөөлөгчийн газрынхан огт мэдээгүй байх юм. ГХЯ-ны Азийн газрын дэд даргаас асуухад “Энэ тухай мэдээлэл ирээгүй байна, мэдэх зүйл алга” гээд сууж байна. Өдгөөгөөс хагас зууны тэртээд германчууд еврейчүүдийг устгах бодлогоо нийтээр хүлээн зөвшөөрүүлж, тэднийг үзэн ядах үзлийг өдөөхийн тулд үйлчилгээний газар, дэлгүүр бүрийн үүдэнд “Еврей хүн, нохой хоёр орохыг хориглоно” гэж бичиж байсан гэдэг. Монгол хүнд бусдад байхгүй олон сайхан чанар, чадвар бий. Харин хэдхэн “урт гарт”-ны балгаар хулгайч монгол гэх хусаад ч арилахгүй муу нэртэй болчих вий.