“Тав, арав, хорин мянгатын хуурамч дэвсгэрт гүйлгээнд гарч байсан талаар бишгүй сонсож байсан ч өөрөө анзааралгүй авчихна чинээ санасангүй” хэмээн халаглах эгчийг Г.Цэцэгээ гэдэг. Тэрбээр Сонгинохайрхан дүүргийн XIX дүгээр хороон дахь “Цахилгаан тээвэр” компанийн байр буюу Депогийн автобусны буудлын ТҮЦ-нд суудаг.
Энэ сарын 26-ны 18.00 цагийн үед 40 орчим насны эмэгтэй түүний ТҮЦ-ээр үйлчлүүлжээ. Үл таних эмэгтэй 20 мянган төгрөг өгөөд талх, боов ойр зуурын юм худалдан авч, 13700 төгрөгийн хариулт авчээ. Г.Цэцэгээ тухайн үедээ уг 20 мянгатын дэвсгэртийг хуурамч гэдгийг гадарлаагүй аж.
Орой нь гэртээ ирээд үзтэл өнөөх дэвсгэрт нь жинхэнэ 20 мянган төгрөгнөөс ялгаатай, ялтсан зураас, гэрэлд харагддаг Чингисийн зураг нь байхгүй байсан тул тэрбээр өчигдөр Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэст мэдэгдэж, өргөдлөө өнөөх хуурамч мөнгөний хамт өгчээ. Цагдаагийнхан түүний гомдлын дагуу луйварчныг илрүүлэхийг албан хаагчдадаа үүрэгдсэн байна. Таван шарын ойролцоох авобусны буудлуудын ТҮЦ-ээр явж сураглатал 20 мянгатын хуурамч дэвсгэрт барьсан эрэгтэй, эмэгтэй, хөгшин, залуу гээд янз бүрийн насны нэлээд хэдэн хүн луйвар хийхийг оролдсон гэж худалдагч нар ярив.
О.БАТ-УНДРАХ