Хушны 27 вагон самар хилээр гаргасан хятадууд дахин энэ төрлийн хууль бус үйлдэл хийх гэж байгаад баригдаж, илрүүлсэн цагдаагийн ажилтнууддаа хахууль өгсөн хэрэг шүүхээр шийдвэрлэгдээд байгаа билээ. Тэдэнд хахууль өгсөн хятадууд хил давж зугтсан бөгөөд түүний гар хөл болсон гааль, төмөр замын ажилтнуудад холбогдох хэргийг шүүхээр удахгүй шийдвэрлэхээр болж буй гэнэ.
Хятадуудын самрыг хил давуулах ажлыг Х.Амартүвшин гэх эр зохион байгуулсан бөгөөд Улсын ерөнхий прокурорын дэргэдэх Мөрдөн байцаах албанаас түүнийг багагүй хугацаанд эрэн сурвалжилсны дүнд нэг нууц байрнаас нь саатуулсан юм. Тэрбээр 1995-2008 онд цагдаагийн байгууллагад, тэр дундаа Төмөр зам дахь Цагдаагийн хэлтэст эрүүгийн төлөөлөгчөөр ажиллаж байгаад авлига авсан хэрэгт холбогдож, цагдаагийн байгууллагаас халагдсан нэгэн аж. Х.Амартүвшин нь дээрх 27 вагон самрыг жонш гэсэн нэрээр гаалийн хуурамч бүрдүүлэлт хийлгэж, гаргаж өгөх гэж байсан хэрэгт буруутгагдаад буй гэнэ.
Мөн хуурамч бүрдүүлэлт хийж өгсөн хэмээн Улаанбаатар, Говьсүмбэр, Замын-Үүдийн гаалийн байцаагч таван хүн, төмөр замын хоёр ажилтан холбогдоод буй аж. Тэд жоншны нэгэн уурхайн эзнээс хилээр жонш гаргахад ашигладаг падаан их хэмжээгээр авч, түүнийгээ үндэслэн хуурамч бүрдүүлэлт хийлгэхэд ашигладаг байсан гэнэ. Энэ хэргийн улмаас улсад дөрвөн тэрбум гаруй төгрөгийн хохирол учирсан нь шалгалтаар тогтоогджээ.
Г.РАВЖАА