Прокуроруудын 2011 оны арваннэгдүгээр сараас өнөөдрийг хүртэл хийсэн ажлыг шалгасан тухайгаа Улсын ерөнхий прокурорын газрын Тамгын газрын дарга Б.Үнэнбат, Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албаны дарга Г.Сүхбаатар нар өчигдөр мэдээлэв. Энэ удаагийн шалгалтад 400 прокурор хамрагдсанаас 96 буюу 24 хувь нь дүүрэн хангалттай, 45 хувь нь хангалттай, 30.2 хувь нь дундаж, хоёр прокурор хангалтгүй гэсэн дүн авчээ.
УЕПГ-ын Тамгын газрын дарга Б.Үнэнбат “Бид 100 асуулт бүхий тестээр шалгадаг байсан бол энэ жил таван үзүүлэлтээр, 100 онооны шалгалт прокуроруудаас авлаа. Нийслэлийн прокурорын орлогч Ц.Батболд, Д.Баянжаргал нар 100 оноо авсан. Хангалтгүй үнэлгээ авсан хоёр прокурорыг даргын зөвлөлөөр хэлэлцүүлнэ. Дундаж үнэлгээ авсан прокуроруудын ихэнх нь хөдөө ажиллагсад байна. Цаашдаа прокуроруудын мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэхэд анхаарах ёстой нь шалгалтын дүнгээс харагдлаа.
Монгол бичгийг төрийн бичиг болгох ажлыг дэмжин, энэ удаа прокуроруудаас монгол бичгийн шалгалт авсан. Шалгалтын өмнө сургалт зохион байгуулсан нь үр дүнгээ өглөө” гэв.
Х.ОЮУН