Амар хялбар аргаар мөнгө олох гэсэн иргэдийн толгойг эргүүлж, сүлжээний бизнес нэрээр бусдыг залилах гэмт хэрэг сүүлийн жилүүдэд нэлээд гарч байгаа. Одоогоос хоёр жилийн өмнө иргэдийг “автомашинтай болгоно, орон сууцжуулна” хэмээн 600 мянга хүртэлх төгрөгийг нь авч байсан хэд хэдэн төрийн бус байгууллагыг УМБГ-т шалгасан билээ. Тэдний нэг болох “Эрүүл амьдралын төлөө хөгжлийн хөтөч” гэх төрийн бус байгууллагын захирал З.Энхжаргал, Н.Баяржаргал нарт холбогдох хэргийг Баянгол дүүргийн шүүх өнгөрсөн баасан гаригт хэлэлцэж шийдвэрлэлээ.
УМБГ-ын Хүнд гэмт хэрэг мөрдөх хэлтсээс дээрх хүмүүсийг шалгаж, “Иргэдийг авто машинтай болгоно, орон сууцжуулна” гэж 200 гаруй хүнээс 575 сая орчим төгрөг залилсныг нь тогтоожээ. Уг хэрэгт Баянгол дүүргийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдсэн бөгөөд тус дүүргийн шүүхээс З.Энхжаргал, Н.Баяржаргал нарт тус бүрээс нь 100 мянган төгрөгийн эд хөрөнгө хурааж, 10 жил нэг сарын хугацаагаар хорих ял оноожээ.