Татварын ерөнхий газрын Хяналт шалгалтын хэлтсийн даргаар ажиллаж байсан Ч.Гансүхийн цагдан хорих хугацааг сунгах эсэхийг шийдвэрлэх шүүх хурал өчигдөр Чингэлтэй дүүргийн шүүхэд боллоо. Түүний өмгөөлөгч болон ар гэрийнхэн нь батлан даалтад гаргуулах хүсэлтээ тус шүүхэд өгсөн бол НПГ-ын хяналтын прокурор цагдан хорьж шалгах шаардлагатай гэсэн тайлбар гаргасан гэнэ. Чингэлтэй дүүргийн шүүхээс түүнийг мөрдөн байцаалтын ажиллагаанд саад учруулж болзошгүй гэж үзэн цагдан хорих хугацааг нь сунгах шийдвэр гаргасан байна.
Түүнийг гэр бүл, төрөл төрөгсөд, үр хүүхдүүдийнхээ нэр дээр данс нээж, хууль бусаар зувчуулсан мөнгөө шилжүүлж байсан гэх хэрэгт буруутгаж буй бөгөөд түүний том хүү Г.Ганзулын “Бест-Анзу” гэх компанийн дансанд их хэмжээний сэжигтэй гүйлгээ орж гарсан нь нотлогдсон тул хамтад нь шалгах үндэслэл болсон гэдэг. Түүний өөр нэг хүүг бас Г.Ганзул гэдэг. Тэрбээр 1989 онд төрсөн, өдгөө АНУ-д суралцдаг бөгөөд дансаар нь багагүй хэмжээний мөнгө орж гарсан үйлдэл нь тогтоогдсон гэдгийг АТГаас хийсэн хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгдэж байсан юм. Г.Ганзул нь эх орондоо ирээд байгаа бөгөөд Чингэлтэй дүүргийн шүүхэд болсон цагдан хорих хугацааг сунгах эсэхийг шийдвэрлэх шүүх хурлын үеэр тэнд очжээ. Тэрбээр АТГ-т өөрийн мэдэх асуудлаар тайлбар өгсөн гэх мэдээлэл ч байна.
Г.РАВЖАА