Улаанбаатараас ОХУ руу явж байсан тээврийн хэрэгслийн зорчигч Н.Сүрэнжав гэх хүн Е серийн гадаад паспортдаа хуурамч тамга тэмдэг дарж, хил нэвтрэх гэж байсныг Хилийн 0101 дүгээр ангийн Авто замын шалган нэвтрүүлэх заставын Зорчигчдын бичиг баримт шалгах манааны хилчид илрүүллээ. Н.Сүрэнжав Е-0577855 дугаартай паспортын сунгалтын тамга, гарын үсгийг хуурамчаар үйлдэж, улсын хил зөрчихийг завдсан аж.
Энэхүү хуурамч баримтад Улсын бүртгэлийн ерөнхий газрын Гадаадад зорчих эрхийн бүртгэлийн хэлтсийн байцаагчдын тамгыг скайнердан хуулбарлаж, эрх бүхий албан тушаалтны гарын үсгийг дуурайлган зурсан нь шинжилгээгээр тогтоогдсон гэнэ. Мөн тус ангийн Тээврийн хэрэгсэл шалгах манаанд үүрэг гүйцэтгэж байсан, дэд ахлагч А.Энхбаатар ОХУ-ын иргэн Сергей Данзаковын Т908ВК улсын дугаартай “Истана” маркийн автомашиныг шалгаж, цагдаа, харуул хамгаалалт зэрэг тусгай хэрэгцээнд ашигладаг хийн гар бууны 250 ширхэг сум авч явсныг илрүүлжээ.