Англи, америк эрчүүд сархдын уршгаар нударга зөрүүлж, нэгийгээ гэмтээсэн хэрэг өнгөрсөн гуравдугаар сард гарч, регбигийн дасгалжуулагч нэг нь Монголын шоронд ял эдлэхээр болжээ. Сүхбаатар дүүргийн нутагт үйл ажиллагаа явуулдаг “Даблин” гэх уушийн газарт энэ оны гуравдугаар сарын 16-ны үдэш христийн шашинтнуудын тэмдэглэдэг Гэгээн Патрикийн өдрийг манай улсад ажиллаж амьдардаг англи, америк иргэд хамтран тэмдэглэжээ. Энэ үеэр хохирогч, АНУ-ын иргэн Диси Мичель Палмер (Deasy Mitchel Раlmеr) Жимми гэх найзынхаа урилгаар тус уушийн газарт очсон аж. Тэнд Диси Палмер хуучин танил Патриктай тааралдан нэлээд халамцаж, түүний ажилладаг “Talk talk English” сургалтын төвийг нь хараалын үгээр “shit school” хэмээн доромжилсон гэнэ. Энэ яриаг сонссон ИБУИНВУ-ын иргэн Харрис Жоел Брюс (Harris Joel Bruce) Диси Палмерийн нүдний орчимд нь хүнд нударгаа буулгаж орхиж. Регбигийн тамирчин, Английн оны шилдэг тамирчнаар шалгарч байсан, Монголын энэ спортын багийн дасгалжуулагч тамирчнаар ажилладаг түүний нударганд оногдсон Диси шалан дээр унахдаа хоёр хавиргаа хугалжээ.
Хохирогчийн эхнэр монгол эмэгтэй хэрэг явдал болсны маргааш ГССҮТ-д очиж нөхрөө үзүүлэхэд хоёр хавирга нь хугарч уушгиа дарснаас амьсгалын дутагдалд орж байсан гэнэ. Тиймээс тус төвийн эмч нар яаралтай эмчилгээ хийж, амь насыг нь аварчээ. Ингээд хууль хяналтын байгууллагад хандаж, Сүхбаатар дүүргийн Цагдаагийн хэлтэст уг хэргийг шалгаад Харрис Жоел Брюст Эрүүгийн хуулийн 96 дугаар зүйлд заасан бусдын биед хүнд гэмтэл санаатай учруулсан гэсэн үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэсэн байна. Уг хэргийн мөрдөн байцаалт зургадугаар сард дуусаж, шүүх хурал нь өнгөрсөн наймдугаар сард Сүхбаатар дүүргийн шүүхэд болжээ. Анхан шатны шүүхээс Харрис Жоел Брюсийг бусдын биед хүнд гэмтэл санаатай учруулсан гэм буруутайд тооцож, жирийн дэглэмтэй хорих ангид таван жил нэг сарын хорих ял эдлүүлэхээр шийдвэрлэсэн байна. Мөн хохирогчийн эмчилгээний зардал зэргийг түүнээс гаргуулахаар болжээ. Харин Нийслэлийн шүүх хэргийг дахин шалгуулахаар Сүхбаатар дүүргийн Цагдаагийн хэлтэст буцаасан аж.