Сард 80 мянган төгрөг төлөх гэрээ байгуулж, нэг жилийн хугацаатай зээлээр авсан утсаа хулгайд алдав. Яах гэж ч үнэтэй утас худалдаж авав даа хэмээн өөрийгөө буруутгаж үзлээ. Хэрэглэе гэснээ аваад хулгайчийг “тэжээснийхээ” төлөө яагаад өөрийгөө буруутгах ёстой билээ гэж өмөөрч нэг үзэв. Юун төлөө энэ гар утсыг “ухаалаг” хэмээн тодорхойлдог билээ, олох ямар арга байж болохыг судлав.
Уг нь “Самсунг”-ийн албан ёсны сайтад бүртгүүлээд хамгаалалт хийчихсэн бол алдсан ч олох боломж байжээ. “Ухаалаг” хэмээн нэрлэгддэг андройд үйлдлийн системтэй гар утаснуудыг ийм байдлаар л эзэн нь хамгаалдаг аж. Бүр болохгүй бол өөр хэн ч ашиглах боломжгүй болгоод “цоожилчихно”. Би хохирсон ч хулгайч баярлахгүй гэсэн үг. Гар утсаа алдсаныхаа дараа ийм мэдээлэл олж уншсан. Дараагийн утсаа алдахгүйн тулд хамгаалалт заавал хийх ёстой юм байна гэдгийг мэдэж авсан л даа. Гэхдээ надад гар утас худалдсан үүрэн телефоны оператор компани “Самсунг”-ийг албан ёсны эрхтэйгээр худалдаж байгаа гэж сурталчилж байсан хэрнээ ийнхүү хамгаалах боломж байдгийг санал болгоогүй нь хачирхалтай. Японд бол гар утас худалдан авахаас нь өмнө сургалтад хамруулж, утсаа хэрхэн ашиглахыг зааж сургадаг гэнэ билээ. Хэрэглэгчдэдээ хүрсэн үйлчилгээ гэж үүнийг л хэлэх байх. Сая төгрөгийн утсыг дагах энэ мэтийн үйлчилгээг Монголд мэдрэх боломжгүй. Тэр ч бүү хэл “Утсаа алдчихлаа. Надад IMEI код нь байна. Танайд бүртгүүлээд, энэ утсыг хэн нэгэн хүн ашигласан тохиолдолд мэдээлэх боломж байна уу” гэж оператороос нь асуухад “Манайд ийм үйлчилгээ байхгүй. Худалдаж авсан салбартаа хандаж үзээрэй” гэв. Ажил болгон тэр салбарт нь очсон ч ахиад л мэдэхгүй, чадахгүй гэсэн хариулт өглөө. Сайндаа л IMEI кодыг гаргаж өгөх юм байх. Гартаа барьж яваад хулгайчид алдчихсан болохоор бусдыг буруутгах гээд ч яах билээ.
“Барилгын ажил явагдаж байна. Анхаарал болгоомжтой явна уу” гэсэн самбар байрлуулчихаад өргөгчөө унагаж, барилгын тулгуур төмрөөрөө хүний амийг “авчихдаг” хэнэггүй, хариуцлагагүй нь дэндсэн улсад амьдарч байгаа шүү дээ, би. Худалдсан эзэн нь хайхрахгүй байхад өөр оператор компаниуд IMEI код бүртгэж, мэдээлэл өгнө гэдэг нь эргэлзээтэй. Мэдээж гар утсаа алдсан даруйдаа Цагдаагийн байгууллагад хандсан учраас тэднээс зөвлөгөө авлаа. Гэтэл тэд ч өөдөөс зовлон ярив. “Уг нь утасны сери давхцдаггүй учраас ямар сим карт ашиглаж байгааг нь оператор компаниуд мэдэх боломжтой гэдэг. Гэхдээ бидэнд өргөдөл гаргаж, прокурорт хандан тодорхойлолт аваад очсон хүмүүс ч үүрэн телефоны оператор компаниудаас ийм үйлчилгээ авч чаддаггүй. Албан бичгийн хариуд “Манайд одоогийн байдлаар ийм үйлчилгээ үзүүлэх техникийн боломж байхгүй” гэсэн бичиг өгч, ам тагладаг” гэв.
Монголд үүрэн телефоны дөрөвхөн оператор компани бий. Үйлдвэрээсээ цорын ганц дугаартай “мэндэлсэн” гар утсыг хэн, ямар дугаар дээр ашиглаж байгаа мэдээллийг хоорондоо солилцох, эсвэл алдагдсан гар утсыг огт ажиллагаагүй болгох зэрэг аргаар гар утасны хулгайг зогсоох боломж байдаг аж. Гэвч тэд ингэхийг хүсдэггүй бололтой. Энэ оны эхний арван сарын байдлаар Чингэлтэй дүүрэгт бага хохиролтой гэх хулгайн хэрэг 86 гарснаас 57 нь гар утасны хулгай байсан гэнэ. Тэгэхээр одоогийн байдлаар хулгайч нарын хамгийн ашигтай “ажил” нь гар утас хулгайлах болжээ. Хаа сайгүй бий болсон код арилгаж, шинээр программ суулгадаг “мэргэжилтнүүд” тэдний хулгайн утсыг хоромхон зуурт л шинэ эзний гарт хүргэхэд бэлэн болгодог. Монголчуудын олонх нь ТЭДИ, “Монтел” зэрэг газар гар утас худалддаг наймаачдаар үйлчлүүлдэг болохоор “Гарал үүслийн гэрчилгээгүй” утас худалдан авч байгаа.
Хуулийн дагуу бол иргэн гар утсаа хулгайд алдсаныхаа дараа Цагдаагийн байгууллагад хандаж ямар нэгэн байдлаар өөр хүн ашиглаж байгааг нь мэдвэл маргаангүйгээр хулгайлагдсан эд зүйлээ эргүүлэн авах боломжтой. Харин хулгайн утас худалдан авсан иргэний хувьд, зарсан хүнээ л олохгүй бол хохирч үлдэх юм байна. Хулгайн утас зардаг, авдаг үйл ажиллагааг зогсооё гэвэл оператор компаниуд л арга хэмжээ авахаас өөр аргагүй. Техникийн боломж байхгүй гэдэг нь ч худлаа байх. Монголчуудын олонхийнх нь үйлчлүүлдэг нэгэн үүрэн телефоны оператор компанийн мэдээллийн санд танилаараа дамжуулан IMEI кодоо бүртгүүлж болдог юм байна. Нийтэд нээлттэй биш ч танилтай бол арга нь олддогийн жишээ энэ. Гар утсаа алдчихсан хүн IMEI кодоо мэдэхгүй тохиолдолд оператор компанийнхан утасны дугаараар нь шүүгээд кодыг нь гаргаад өгчихдөг аж. Тэгэхээр энэ кодтой утсыг өөр хэн нэгэн ашиглаж байгааг мэдэхэд ийм их ажил орохгүй нь. Цагдаагийн байгууллагынхан үүрэн телефоны оператор компаниудтай хамтран ажиллахын тулд төсөл санаачлаад буй аж. Нийслэлийн цагдаагийн газар, Харилцаа, холбооны зохицуулах хорооноос санаачилсан энэ төслийн “чимээ” жил гаруйн өмнө гарсан ч өдийг хүртэл яриа, хэлэлцээний шатандаа байгаа гэх. Цагдаагийн ажилтнууд алдагдсан утсыг хэн ч ашиглах боломжгүй болгодог үйлчилгээ нэвтрүүлэхийг л хүсэж байгаа юм билээ. Хамгийн нааштай хариу өгч байгаа нь “Мобиком” аж.
Герман, Швейцарийн иргэд болон тус улсад албан ёсны эрхтэйгээр оршин сууж байгаа бүх хүн гар утас худалдан авахдаа зөвхөн үүрэн телефоны үйлчилгээ эрхэлдэг байгууллагаар л үйчлүүлдэг. Тэд гар утсаа алдсан бол тухайн компанидаа хандахад л хангалттай. Компанийн ажилтнууд алдагдсан гар утсыг ашиглах боломжг үй болгоод, үйлчл үүлэгчдээ дахин шинэ гар утас өгч, асуудлыг шийддэг гэнэ. Ийм сайхан үйлчилгээ манайд нэвтрэх нь хол л байх. Ямар ч юмыг “монголчлох” аргаа сайн олдог болохоор юу ч хийж мэднэ. “Цагдаа нар хүртэл “Утсыг дахин ашиглах боломжгүй болголоо гэхэд манайхан урагш нь (Хятад) зөөгөөд байж мэдэх юм. Тэгвэл хил, гааль дамжсан бүр ч түвэгтэй асуудал үүснэ” хэмээн ярьж байсан. Хулгайч нарынх нь арга нарийсаад байхад таслан зогсоох боломжтой байгууллагууд нь “чихээ таглаад суух” нь буруу баймаар юм.
Өвчтэй хүүхдүүдэд тусалж, азын сугалаагаар автомашин бэлэглэж, нийгмийн хариуцлагаа хэрэгжүүлж байгаа талаараа пиардаж, өдөр, шөнөгүй “сурталчилгаа”- гаар бөмбөгдсөөр байгаа үүрэн телефоны компаниуд маань үйлчлүүлэгчдийнхээ эрх ашгийг хамгаалж, мэдээлэл өгч, хулгайчдыг өөхшүүлэхгүй байх боломжийг бий болгож туслаасай. Ийм арга нэвтрүүлбэл жилийн цалингаа “хумслан” байж гар утас худалдан авсан над шиг хүмүүс хохирохгүй, хулгайч нар өөгшиж даврах зам хаагдана. Тэгвэл хулгайн гэмт хэргийн дунд толгой цохиод байгаа гар утасны хулгай гарцаагүй багасах байх.
Ж.СОЛОНГО