Цайз захад сүүлийн хэдэн жил ан амьтны эд эрхтэн нууцаар худалдан авч байсан ченжүүдийн толгойлогч гэх Б-г ЭЦГ-ын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн ажилтнууд баривчлан, харьяаллын дагуу Баянзүрх дүүргийн Цагдаагийн хэлтэст шалгуулахаар шилжүүлжээ. Ченж Б нь нэн ховор амьтдын гаралтай түүхий эдийг хулгайн анчид болон “бага гар”-ын ченжүүдээс худалдан авч, хууль бусаар БНХАУ-д гарган борлуулах ажлыг идэвхтэй, тогтмол явуулж байсан гэнэ.
Тэрбээр энэ мэт хууль бус үйлдлийг удаа дараа хийж байсан бөгөөд цагдаагийнханд хоёр дахь удаагаа баригдаж буй нь энэ аж. Түүнийг өнгөрсөн оны арваннэгдүгээр сард ЭЦГ-ын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс шалгахад баавгайн доньд, бугын 14 чив, бугын 126 кг ясан эвэр, тарваганы 325 арьс, хөлдөөсөн хоёр чоно хилээр гаргахаар Дорноговь аймгийн Замын-Үүд сумын иргэн А-гийн гэрт хадгалж байсан, заримыг нь Эрээн рүү гаргасан байсан юм.
Тухайн үед энэ хэрэгтээ Дорноговь аймгийн Сум дундын шүүхээс нэг жилийн тэнсэн харгалзах ялаар шийтгүүлсэн аж. Түүний дараа “Хууль шүүхийнхнийг аргалж байгаад хөнгөн ял шийтгүүллээ” гэх яриа гарч байж. “Амташсан хэрээ 13 дахина” гэгчээр ченж Б авлахыг хориглосон амьтны гаралтай эд зүйлийг дахин худалдан авч хилээр гаргаж байгаа тухай мэдээлэл иргэдээс цагдаагийн байгууллагад ирснээр ЭЦГ-ын ажилтнууд шалгаж саатуулсан гэнэ. Ченж Б ялтай байх хугацаандаа нэн ховор амьтдын гаралтай түүхий эдийг бусдаас худалдан авч байгаль орчинд 100 сая төгрөгийн хохирол учруулсан хэрэгт холбогдлоо. Тэрбээр бизнесийн хамтрагч О-гоор баавгайн сарвуу хийсэн хоёр том цүнхийг Эрээн рүү явуулсны зэрэгцээ, гэртээ хориотой амьтан болох халиун буга, баавгайн их хэмжээний түүхий эд хадгалж байсан нь шалгалтын явцад тогтоогдоод байгаа гэнэ.
Буга, баавгай зэрэг амьтад Засгийн газрын 2012 оны нэгдүгээр сарын 11-ний долдугаар тогтоолын дагуу ховор амьтны жагсаалтад орсон юм. Манай улсын хуульд нэн ховор амьтныг авласан этгээдэд оноох хариуцлага нь хөнгөн. Харин манайхтай хил залгаа БНХАУ-ын ӨМӨЗО-нд маш чанга шийтгэл ногдуулж байна. Тухайлбал, Хянганы нуруунд байдаг нэн ховор амьтнаас 48-ыг авлаж, хоёр цамц оёж, БНСУ руу хууль бусаар гаргахыг завдсан гэмт этгээдэд 2010 онд ялын дээд хэмжээ оноосон байдаг. Гэтэл манай Эрүүгийн хуульд нэн ховор амьтныг төрлөөр устгаж, байгалийн тэнцэл алдагдуулж улсыг хохироосон ч дээд тал нь таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэхээр заажээ.
Г.РАВЖАА