Аливаа хэрэг заргыг шүүхээр шийдэхэд ялагдсан тал мөнхийн гомдолтой үлддэг. Харин гомдолтой тал нь дахин давж заалдах эрхгүйгээр асуудлыг шийддэг газар бол олон улсын Арбитрийн шүүх. Монгол Улсын Засгийн газар Арбитрийн шүүхэд дуудагдан ОХУ-ын иргэн В.С. Паушокийг ялж, тэрбээр манай улсад учруулсан хохирлоо барагдуулан, шийдсэн асуудлаар дахин шүүхэд хандах эрхгүй болж байсан удаатай. Саяхан Хууль зүйн сайд Х. Тэмүүжин сэтгүүлчидтэй зангиагүй уулзахдаа “Монгол Улсыг зургаан хэргээр Арбитрт дуудсан” гэж мэдэгдсэн. Олон улсын Арбитрийн дүрэмд хэргийг шүүхээр эцэслэн шийдээгүй байхад олон нийтэд мэдээлэхийг хориглодог. Тиймээс ч Арбитрийн хэргүүд нууцын зэрэглэлд багтдаг. Гэхдээ бидэнд мэдэгдэж байгаа зарим хэргүүдийн талаар товч дурдъя.
КАНАДЫН “ХАН РЕСУРС”-ЫН 285 САЯЫН ХЭРЭГ
Монголд ураны хайгуул, олборлолт хийх лиценз эзэмшиж байсан Канадын “Хан ресурс” компани 28868 тонн баталгаажсан нөөцтөй Дорнодын орд дээр түшиглэн байгуулсан “Төв Азийн уран” компанийн 58 хувийг эзэмшиж байсан юм. Уг ордыг анх Орос, Монголын хамтарсан экспедицийн хайгуулчид илрүүлж байсан бөгөөд 1998 онд Орос, Канад, Монголын хамтарсан “Төв Азийн уран” (Central Asia Uranium Corp) компанийг байгуулсан түүхтэй. Ашигт малтмалын тухай хуульд (2007 онд баталсан) төсвийн хөрөнгө оруулалтаар илр үүлсэн ордын 51 хувийг Монгол Улс эзэмшинэ гэж заасны дагуу 2009 онд Монголын Засгийн газар “Монатом” компанийг байгуулж, “Төв Азийн уран” компанийн 51 хувийг эзэмших болсон. “Хан ресурс” компанийн удирдлага “Монголын төр бидний эсрэг тууштай ажилласан” гэж мэдэгдсэн удаатай. Цөмийн энергийн тухай хуулийг 2009 онд баталсны дараахан “Төв Азийн Уран” компанийн эзэмшилд байдаг Дорнодын ордод Улсын мэргэжлийн хяналтын ерөнхий газраас шалгалт хийв. Нөхөн сэргээлт хийгээгүй гэсэн шалтгаанаар лицензийг нь гурван сарын хугацаатай түдгэлзүүлж, төд удалгүй ураны лицензүүдийг эргүүлэн авч, “Хан ресурс” компанийн мэдэлд байсан 237А дугаар бүхий тусгай зөвшөөрлийг хүчингүй болгов. Энэ шийдвэрийг эсэргүүцсэн “Хан ресурс” компанийнхан Цөмийн энергийн газрыг Монголын шүүхэд өгч, гурван шатны шүүхээр заргалдсан ч үр дүнд хүрээгүй.
“Монатом” компанийн захирал байсан Р.Бадамдамдин нэгэн ярилцлагадаа “Хятадууд “Хан ресурс”-ын хувьцааг нь худалдаж авахын тулд тэдэнд их хэмжээний мөнгө санал болгосон нь Засгийн газрыг нүүр буруулахад хүргэсэн” гэж ярьж байжээ. ОХУ-ын төр, засгийн тэргүүнүүд манай улсад удаа дараа айлчлан тухай бүрдээ ураны асуудлыг хөндсөөр Орос, Монголын хамтарсан “Дорнод уран” компанийг байгуулсан юм. Ингэснээр канадуудын эгдүүцэл дээд цэгтээ хүрч, Монголын Засгийн газрыг олон улсын шүүхэд өгч, 285 сая ам.доллар нэхэмжилсэн билээ. “Хан ресурс”-ын гаргасан гомдлыг Арбитрийн шүүх удахгүй хэлэлцэх гэж буй талаар албаны эх сурвалж ярив. Хэрэв асуудлыг канадуудын талд шийдвэл “Дорнод уран” компанийг татан буулгаж, манай улс “Хан ресурс”-ын лицензийг сэргээхээс өөр аргагүй болох юм. Лицензийг сэргээгээд зогсохгүй, үйл ажиллагаа зогсоосны төлбөрт маш их хэмжээний мөнгийг Монголын Засгийн газраас төлж болзошгүй.
ХЯТАДЫН “БЛТ” КОМПАНИЙН ЛИЦЕНЗИЙН НЭХЭЛ
БНХАУ-ын хөрөнгө оруулалттай “БЛТ” компани Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын Төмөртэйн ордод 216 га талбай бүхий ашигт малтмал олборлох 939А тоот, Хустай-Уул ордод 940А тоот тусгай зөвшөөрөлтэй байжээ. Энэ зөвшөөрлийг хэрхэн олж авсан, Монгол Улсыг яагаад Арбитрийн шүүхэд өгснийг товч дурдъя. Тус компанийн эзэмшлийн лиценз Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн мэдэлд байсан бөгөөд тухайн үед улсын төсвөөр санхүүжүүлж нөөцийг нь тогтоосон юм байна. Гэтэл тус үйлдвэрийн захирлаар ажиллаж байсан Л.Нацагдорж дээрх лицензүүдийг “БЛТ” компанид шилж үүлчихэж. Монгол Улсын Засгийн газар Төмөртэйн ордыг стратегийн орд газрын жагсаалтад оруулснаар лицензийг буцаан авч, Дарханы төмөрлөгийн үйлдвэрт шилжүүлснийг Хятадын хөрөнгө оруулагчид эсэргүүцэж шүүхэд ханджээ. Английн хамгийн үнэтэй хууль зүйн фирмийн өмгөөлөгчдийг хөлсөлсөн “БЛТ” компанийнхан “Ашиглалтын лиценз хураасан нь Хятад, Монголын Засгийн газар хооронд байгуулсан хөрөнгө оруулалтыг хөхиүлэн дэмжих гэрээг зөрчсөн” гэж гомдол мэдүүлсээр байгаа аж. Энэ асуудлыг Арбитрийнн шүүх хэзээ хэлэлцэх талаар мэдээлэл алга.
“ЖАСТ”-ЫН Ш.БАТХҮҮГИЙН БАЛАГ
Нэг хэсэг “Жаст”-ынхан хүссэн тендертээ ялж, хийе гэж бодсон бүхэн нь ямар ч саад тотгоргүй биелдэг байлаа. Гэтэл нэг л өдөр их хөрөнгөний эзэн Ш.Батхүү сэтгүүлчдэд “Би жирийн хүн болсон” гэж мэдэгдэв. Хууль хяналтын байгууллагын хаалгыг олонтаа татаж, ар араасаа хөвөрсөн олон хэрэгт холбогдсон Ш.Батхүү Монголын Засгийн газрыг 140 сая ам.долларын өрөнд унагах ажил хийснээ хүлээж эхэлжээ. Ш.Батхүү “Монгол шуудан” банк, гадаад дотоодын банкуудад их хэмжээний өртэй “Олон овоот”-ын ордыг худалдан авсандаа харамсаж буйгаа нуугаагүй. “Хадгаламж” банкийг худалдан авснаар түүний эрсдэл улам нэмэгдсэн бололтой. Өмнөд Африкийн “Стандарт” банкнаас 109 сая ам. долларын зээл авсан байна. Зээлээ авахын тулд “Эрдэнэт” үйлдвэр, УБТЗ-ыг барьцаалсан хэрэг мөрдөн байцаалтын шатанд үргэлжилж байна. Түүний авсан нийт зээлийн хэмжээ 140 сая ам.долларт хүрчээ. Тэрбээр” Эрдэнэт үйлдвэрийн ерөнхий захирал асан Ч.Ганзориг, Төрийн өмчийн хорооны дарга асан Д.Сугарын гарын үсгээр асуудлыг шийдсэн” гэж мэдүүлж байсан ч сүүлдээ “Би хуурамч гарын үсэг ашигласан” гэж эхний мэдүүлгээсээ буцжээ. Ш.Батхүүгийн зээлсэн энэ их хэмжээний долларыг “Стандарт” банкныхан Монгол Улсын Засгийн газраас нэхэмжлэн Арбитрийн шүүхэд гомдол гаргаад байна.
ЛОНДОН ХҮРСЭН “УРТ НЭРТ”
“Урт нэрт” хэмээн бидний нэрлэдэг Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хууль батлагдаад дөрвөн жил болж буй. Бодлогодоо нийцээгүй хууль хэмээн гадаадын хөрөнгө оруулагчдын нэрлэж буй энэ хуулиар алтны шороон ордын 242 компанийн лицензийг хураасан бөгөөд үүний 103 нь 100 хувь дотоодын хөрөнгө оруулалттай, зургаа нь хамтарсан, 28 нь гадаадын хөрөнгө оруулалттай компани аж. Тэдний ихэнх нь нөхөн төлбөр шаардаж, эсвэл хуулиа өөрчлөхийг санал болгож буй. Гаднынхан Монголын Засгийн газар ямар шийдвэр гаргахыг хүлээсээр, тэсвэр нь барагдсан бололтой, хэд хэдэн компани Арбирт хандахаа амаар мэдэгдээд байгаа аж. Тодруулбал, Дорноговь аймгийн Цагаан элс, Зүүнбаян хайгуулын талбайд үйл ажиллагаа явуулж буй БНХАУ-ын хөрөнгө оруулалттай “Доншен Монгол” гэх компани Арбитрт хандаад байна. Үүнээс гадна БНХАУын хөрөнгө оруулалттай хоёр, Канадын хөрөнгө оруулалттай нэг компани Арбитрт хандана гэдгээ хэлсэн боловч, яг хандсан эсэх нь тодорхойгүй байна.