Хэнтий аймгийн Байгаль орчны болон Мэргэжлийн хяналтын газар хамтран Баянхутаг, Галшар, Баянмөнх, Дархан, Дэлгэрхаан, Мөрөн суманд шалгалт хийжээ. Энэ жил Баянхутаг, Галшар, Дархан, Баянмөнх суманд зээр элбэг байгаа тул нутгийн иргэд болон Дорноговь аймаг, Бор-Өндөр сумынхан зээрийг машин мотоциклоор хөөн, гэрэлтүүлж буудах зэргээр хууль бусаар агнах нь ихэссэн байна. Дархан сумын иргэн А.Батболд мотоциклоор зээр хөөж, бахардуулан агнасныг уг шалгалтаар илрүүлж, 384 мянган төгрөгөөр торгосон аж.
Гурван зээр агнаад машинд ачиж явсан хүмүүстэй шалгалтынхан таарч, хууль бусаар ан хийсэн Бор-Өндөр сумын иргэн Г.Эрдэнэцогтыг 384 мянган төгрөгөөр торгож, гурван сая төгрөгийн нөхөн төлбөр ногдуулан, зээрийг нь машиндаа ачиж явсан С.Тайваныг 192 мянган төгрөгөөр торгожээ. Хэрлэн сумын иргэн Г.Лхагвасүрэн Галшар сумаас долоон зээр агнасныг илрүүлж, долоон сая төгрөгийн нөхөн төлбөр ногдуулсан бол олон тооны зээр агнасан Галшар сумын иргэн М.Эрдэнэ-Очир, гэрээс нь дөрвөн зээрийн мах илэрсэн Л.Нямдулам нарыг цагдаагийн байгууллагад шалгуулахаар хандлаа.
Мөн тус сумын иргэн Б.Зоригтбаатар зээрийн эврийг 2000 төгрөгөөр худалдан авдаг, байгаль хамгаалагч С.Тогоохүү бусдаар зээр агнуулдаг гэх мэдээлэл тэдэнд ирсэн байна. Тэднийг мөн цагдаагийн байгууллагаар шалгуулж байгаа аж. Галшар, Дархан суманд хийсэн шалгалтаар “ТОЗ-8” маркийн буу нэг, зээрийн эвдсэн болон гулууз мах 12, 43 хос эвэр, үнэгний хоёр арьс хураасан байна.
Х.ЭРХЭМ