Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хурлаар Дайны эрсдэлийн даатгал нэрээр МИАТ компанийн хөрөнгөөс завшиж, угаасан гэх тодотголтой Б.Эрдэнэбилэг, Р.Бат-Эрдэнэ, Ц.Орхон, Ч.Хоролсүрэн, Ч.Суурьтогтох, Г.Саранчимэг, Н.Гантөмөр нарт холбогдох хэргийг ялтнуудын өмгөөлөгч нарын гаргасан гомдлын дагуу өчигдөр хэлэлцлээ. Баянзүрх дүүргийн шүүхээс дээрх шүүгдэгчдийг мөнгө угаасан, бусдын эд хөрөнгийг завшиж үрэгдүүлсэн гэм буруутай хэмээн үзэж, Б.Эрдэнэбилэг, Ц.Орхон, Г.Саранчимэг нарт 11 жил нэг сар, Р.Бат-Эрдэнэд 12 жил нэг сар, Ч.Хоролсүрэнд 13 жил нэг сар, Ч.Суурьтогтоход 10 жил нэг сар хорих ял тус тус ногдуулж, шүүгдэгч тус бүрээс 1.3 тэрбум төгрөг гаргуулж, МИАТ-д олгуулахаар шийдвэрлэсэн билээ. Харин Н.Гантөмөрийг цагаатгасан юм.
Харин Нийслэлийн шүүхээс Б.Эрдэнэбилэг, Р.Бат-Эрдэнэ, Ц.Орхон, Ч.Хоролс үрэн, Ч.Суурьтогтох, Г.Саранчимэг нарт анхан шатны шүүхээс оноосон ялыг хэвээр үлдээж, харин гэм хорын хохиролд шүүгдэгч тус бүрээс 1.5 тэрбум төгрөг гаргуулахаар өөрчилсөн. Улсын Дээд шүүхийн хяналтын шатны шүүх хурлаас мөнгө угаасан хэрэг нь хангалттай нотлогдохгүй байна гэж үзэн хэрэгсэхгүй болгож, харин эд хөрөнгө завшсан үйлдэл нь тогтоогдсон гэж дүгнээд Ч.Хоролсүрэнд найм, Б.Эрдэнэбилэгт долоон жилийн хорих ял оноосон анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээжээ. Мөн Ц.Орхон, Р.Бат-Эрдэнэ нарыг МИАТ ТӨХК-ийн хөрөнгийг гадагш шилжүүлэхэд оролцсон ч Б.Эрдэнэбилэг, Ч.Хоролсүрэн нартай үгсэн тохиролцоогүй, харин албан үүрэгтээ хайнга хандсан гэж үзэн, албан тушаал хаших эрхийг нь хоёр жил хасч, гурван жил хорих ял болгож өөрчиллөө.
Түүнчлэн Голомт банкны салбарын захирал асан Н.Саранчимэгт холбогдох эд хөрөнгө завшсан хэргийг хэрэгсэхгүй болгож, банкны хууль тогтоомж зөрчиж их хэмжээний хохирол учруулсан үйлдэлд нь зургаан жилийн хорих ял оноосныг хэвээр үлдээж, 2009 оны Өршөөл үзүүлэх тухай хуульд заасны дагуу гурван жилийг нь хаслаа. Харин Ч.Суурьтогтоход холбогдох хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон байна. Харин Ч.Хоролсүрэнгээс 6.3 тэрбум, Б.Эрдэнэбилэгээс хоёр тэрбум гаруй төгрөг гаргуулан хохирлыг төлүүлэхээр шийдвэрлэв.