Монголын томоохон компаниудын нэг болох “Моннис интернэшнл” ХХК-ийнхан төрийн өмчит аж ахуйн нэгжүүдэд бараа, материал, автомашин нийлүүлдэг болоод удаж байна. Тус компанитай холбоотой нэгэн хууль бус үйлдлийг цагдаагийн байгууллагын ажилтнууд илрүүлжээ. Тэд өмнө нь “Саусгоби сэндс”, АМГ-ын дарга асан Д.Батхуяг нарт холбогдох хэрэгт шалгуулж, хэргийг нь тэднийхээс тусгаарлачихаад буй билээ. “Моннис”-ийнхэн энэ удаад “Эрдэнэс-Тавантолгой” компанийн удирдлагатай хуйвалдаж их хэмжээний мөнгө завшсан байж болзошгүй гэнэ.
Тэд Өмнөговь аймаг дахь Зүүн Цанхид олборлолт явуулж буй тус компанийн нүүрсний уурхайд “Уул уурхайн тоног төхөөрөмж нийлүүлэх гэрээ” хийж 70 орчим тэрбум төгрөгөөр үнэлэгдэх хүнд машин, механизм нийлүүлсэн байна. Ингэхдээ тендерийн бичиг баримтдаа АНУ-аас нэг бүр нь 6.6 тэрбум төгрөгийн үнэтэй таван ширхэг автосамосвал нийлүүлнэ гэж дурдаад 33.3 тэрбум төгрөгийн санхүүжилт авчээ. Гэвч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэлгүй, хугацаа хожимдуулснаас гадна АНУ-аас бус БНХАУ-аас хямд үнэтэй, чанарын шаардлага хангахгүй автомашин нийлүүлжээ. Тэдгээр автомашин нь байсхийгээд эвдэрдэг бөгөөд хоёр нь ашиглаж болохооргүй болсон гэж албаны хүмүүс мэдэгдлээ.
“Моннис”-ийнхний нийлүүлсэн автомашины гадаад зах зээлийн үнийг интернэтээс судлахад нэг бүр нь 2.3-2.5 сая ам.доллар буюу ойролцоогоор 3.4 тэрбум төгрөгийн үнэтэй байгаа аж. Уг мэдээллийг холбогдох албаны хүмүүсээс тодруулахад “Тус компанид холбогдох хууль бус тендертэй холбоотой гэмт хэргийг ЭЦГ-ын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс илрүүлэн шалгаж байгаа. Цаашид АТГ-т шалгагдаж буй “Эрдэнэс-Тавантолгой” компанийн захирал асан Б.Энэбиш нарт холбогдох хэрэгтэй нэгтгэн шалгаж болзошгүй” гэлээ.
Г.РАВЖАА