Баянзүрх дүүргийн шүүхээс “долдугаар сарын 1-ний” гэх хэрэгт ял шийтгүүлсэн НЦГ-ын дарга асан хурандаа О.Зоригтыг хугацаанаас нь өмнө суллах шийдвэр гаргажээ. ЦЕГ-ын даргын үүрэг гүйцэтгэгч асан, хошууч генерал Ч.Амарболд, НЦГ-ын дарга байсан, хурандаа О.Зоригт, ЭХГ-ын даргаар ажиллаж байсан, хурандаа Ш.Батсүх нарт ҮАБЗ-ийн 2008 оны долдугаар сарын 1-ний хуралдаанаас “Нийтийн эмх замбараагүй байдлын улмаас үүссэн жагсаалтыг тараахдаа галт зэвсэг хэрэглэх буюу хүний амь нас, эрүүл мэндэд хохирол учруулах нөхцөл байдал бий болгож болохгүй” гэсэн үүрэг өгчээ. Гэтэл албан үүргээ зохих ёсоор хэрэгжүүлээгүй, хайнга хандсаны улмаас дөрвөн иргэн нас барж, гурван хүний биед хүнд, хоёр хүн хүндэвтэр, нэг хүн хөнгөн гэмтсэн хэрэгт тэднийг буруутгасан билээ.
Улмаар Ч.Амарболд, Ш.Батсүх нарт гурван жил зургаан сар, О.Зоригтод хоёр жил зургаан сарын хугацаагаар хорих ял ногдуулсан юм. Хурандаа О.Зоригт хорих ялаа ШШГЕГ-ын харьяа хорих 421 дүгээр ангид эдэлж байсан бөгөөд прокуророос түүнийг “Бусдад төлөх төлбөргүй, хорих ялынхаа 2/3-оос дээш хугацааг биеэр эдэлсэн, сахилгын зөрчил гаргаагүй, засрал хүмүүжил олсон” хэмээн тодорхойлсон аж. Улмаар шүүх магадлангийн хурлаар оруулж, хугацаанаас нь найман сарын өмнө тэнсэн суллах шийдвэр гаргасан байна. Түүнийг ийнхүү суллагдахад өөрийн болон эхнэрийнх нь эрүүл мэндийн байдал ч нөлөөлсөн гэдгийг эх сурвалж хэлж байна. Харин хошууч генерал Ч.Амарболд, хурандаа Ш.Батсүх нарын тухайд шүүх магадлангийн хурлаар оруулах хугацаа болоогүй гэдгийг прокурорын байгууллагын эх сурвалж мэдээлэв.
Г.ОРЧЛОН