Мөнгө угаах гэмт хэргийн талаар Монголд сүүлийн үед багагүй ярьж, хууль хяналтын байгууллагынхан хэд хэдэн ноцтой хэрэг илрүүлэн шалгаж байгаа. Тухайлбал, МИАТ компанийн удирдлагууд “Дайны эрсдэлийн даатгал” нэрээр 9.3 тэрбум төгрөгийг эдийн засгийн эргэлтэд хууль бусаар оруулсан хэргийн эцсийн шатны шүүх хурал өнөөдөр болно. Энэ хэргийн дуулиан намжаагүй байтал харийнхан Монгол Улсын хууль тогтоомжийг уландаа гишгэн мөнгө угааж байсныг ЭЦГ-ын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн ажилтнууд илрүүлсэн тухай мэдээлэл бидэнд ирлээ. Баттай эх сурвалжаас авсан мэдээллээр Солонгосын гампи буюу хууль бус үйл ажиллагаа явуулдаг нэгэн бүлгийн толгойлогч Ан Жэ Мань гэгч дээрэм тонуул, мөрийтэй тоглоомын газраас олсон хууль бус мөнгөө Монголд оруулж ирэн угааж байжээ.
Тэрбээр эх орондоо мөрийтэй тоглоомын хууль бус газар ажиллуулан, их хэмжээний орлого олсон хэргээр шийтгүүлсэн бөгөөд уг мөнгөө манай улс руу гаргаж, түүнийг нь Монгол дахь төлөөлөгч “Юилсот” компанийн захирал Ли Жэй Гүн хүлээн авч, хууль ёсны буюу хөрөнгө оруулалтын ашиг болгохоор ажиллаж байсан аж. Тэрбээр БНСУаас Ан Жэ Манийн явуулсан доллар, воны тодорхой хэсгээр Чингэлтэй дүүргийн VI хорооны нутаг, Баянб үрдийн тойргийн дэргэд “Рийчфэйлд” гэх зочид буудал бариулж, ашиглалтад оруулсан нь шалгалтаар тогтоогдсон гэнэ. Ан Жэ Мань хууль бус үйлдлээрээ 4.5 сая ам.доллар олсон хэмээн шүүхээр шийтгүүлсэн бөгөөд “Юилсот” компани болон түүний захирал Ли Жэй Гүн нь толгойлогчийнхоо данс руу 11 тэрбум төгрөгтэй тэнцэх хэмжээний валют шилжүүлсэн гэх баримт хууль хяналтын байгууллагынханд байгаа гэнэ.
“Рийчфэйлд” зочид буудалд монголчуудыг оруулдаггүй, солонгосчууд буудаллаж, монгол охидоор зугаацдаг байсан бөгөөд хоёр жилийн өмнө захирал Ли Жэй Гүнийг бусдын биеийг үнэлүүлсэн, орон байраар хангасан гэсэн үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэн Чингэлтэй дүүргийн Цагдаагийн хэлтэст шалгаж байсан ч прокурорууд гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй хэмээн хэрэгсэхгүй болгож байсан юм. Өдгөө УМБГ-аас “Рийчфейлд” зочид буудлыг битүүмжлээд байгаа бөг өөд Үндэстэн дамнасан зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх тухай НҮБ-ын конвенц (Палермогийн), манай улсын Эрүүгийн хуульд мөнгө угаах замаар олсон орлого, хөрөнгийг хурааж улсын орлого болгохоор заасан байдаг.
Г.РАВЖАА