Ерөнхийлөгчийн санаачилсан Шүүхийн тухай багц хуулийг энэ оны дөрөвдүгээр сарын 15-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөж буй. Үүнтэй холбоотойгоор Шүүхийн тухай багц хуулийг дагаж мөрдөх журмын тухай хууль батлагдсан билээ. Энэ дагуу Монгол Улсын шүүхийн тогтолцоог шинэ системд шилжүүлж, анхан шатны 57 шүүх, давж заалдах шатны 21 шүүх байхаар хуульчилсантай холбогдуулан Улсын дээд шүүхийн шүүгчээс бусад шүүгчийг хуучин албан тушаалаас нь чөлөөлж, шинэ албан тушаалд томилох гэж байна.
Үндсэн хууль болон Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуульд заасан бүрэн эрхийн хүрээнд Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж шүүгчдийг томилох, эс томилох эрхтэй. Эл асуудлаар Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга П.Цагаан, Ерөнхийлөгчийн хуулийн бодлогын зөвлөх Ч.Өнөрбаяр нар мэдээлэл хийлээ. Анхан болон давж заалдах шатны шүүхийн шүүгчид Шүүхийн ерөнхий зөвлөлөөс нэр дэвшүүлсэн 400 орчим шүүгчийг томилохын тулд тэдний автортой шүүхийн шийдвэрүүдэд анализ хийх Ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байгаа юм байна.
Мөн Монгол Улсын иргэн хэн боловч шүүгчийн албан тушаалд шинээр болон дахин томилогдох гэж нэр дэвшсэн эдгээр хүмүүсийн мэргэжлийн ёс зүй, чадварын талаарх санал, бодлоо ирэх сарын 1-ний өдөрт багтаан delgermaa@president.mn хаягаар ирүүлэх боломжтой гэлээ. Санал өгч буй иргэн өөрийн овог, нэр, холбогдох утасны дугаарыг заавал бичих шаардлагатай аж. Шүүгчдийг ирэх сарын эхээр томилж дуусах юм байна.