Хилийн тагнуулын газрын ажилтнууд аравдугаар сарын сүүлчээр хоёр “ЗИЛ-131” машины тэвш дүүрэн, агнасан зэрлэг гахай ачиж явсан этгээдүүдийн хэргийг илрүүлсэн. Байгаль орчин, ногоон хөгжлийн яам жилд 70 зэрлэг гахай агнах зөвшөөрөл өгдөг гэх мэдээлэл тухайн үед гарсан юм. Энэ талаар Амьтан, ургамлыг хамгаалах үндэсний хорооны ажилтан А.Баясгалангаас тодруулахад “2013 онд Засгийн газар 92 тоот тогтоол гаргаж, тусгай зөвшөөрлөөр агнах, барих амьтдын жагсаалт батлахдаа гадаадын анчдаар 10 зэрлэг гахай агнуулахаар тогтоосон. Гэвч одоогоор нэг ч аж ахуйн нэгж ийм зөвшөөрөл аваагүй байна.
Харин дотооддоо ахуйн зориулалтаар зэрлэг гахай агнах зөвшөөрлийг тухайн аймгийн ИТХ олгодог. Уг зөвшөөрлийг олгохын өмнө судалгаа хийлгэж, агнуурын нөөцөө тогтоосон байх ёстой. Агнуурын нөөц тогтоосон төлөвлөгөөгөө БОНХЯ-нд танилцуулдаг” гэлээ. Амьтны тухай хуульд өөрчлөлт орсны дагуу 2013 онд нэг ч аймаг нөөц тогтоосон төлөвлөгөөгөө БОНХЯ-нд ирүүлээгүй аж. Мөн зэрлэг гахай агнах зөвшөөрлийг иргэн, аж ахуйн нэгжид аль ч аймаг олгоогүй байна гэж БОНХЯны Хэвлэл мэдээллийн албанаас мэдээлэв.
Ц.Хэрлэн