Нийслэлийн удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөгөөн өчигдөр болж, энэ сарын 9-нд “Нарантуул-2” худалдааны төвд гарсан галын шалтгааныг нэн даруй тогтоох талаар хэлэлцлээ. Галд хоёрдугаар давхрын А заалны баруун урд хэсгийн 28 лангуу өртөж, 10 павильон бүрэн шатсан байна. Гал унтраах арга хэмжээг шуурхай авсны дүнд зоорийн болон нэгдүгээр давхарт байрлах мах, хүнс, барааны 191, хоёрдугаар давхрын А заалны зүүн талын 76, Б заалны 44 лангуу буюу нийт 311 түрээслэгчийн бараа, бүтээгдэхүүнийг хамгаалсан гэнэ.
Уг худалдааны төвийн барилгыг 2006 оны наймдугаар сард ашиглалтад хүлээж авсан, 440 түрээслэгчтэй байжээ. Галын дохиоллын систем суурилуулсан байсан ч гал гарах үед ажиллаагүй гэнэ. Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл “Уг худалдааны төвд гарсан галын шалтгааныг хугацаа алдалгүй тогтоох хэрэгтэй. Зөрчил илэрсэн зах, худалдааны төвүүдэд зөрчлөө ирэх сарын 5-ны дотор арилгах үүрэг өгсөн. Үүргийн биелэлтийг сайтар хянах шаардлагатай.
Түрээслэгчдийг хохироохгүйн тулд худалдааны төвийн удирдлагууд эрүүл, аюулгүй байдлыг ханган ажиллаж, хуулийг чандлан биелүүлэх хэрэгтэй. Тэдэнд төрийн нэрийн өмнөөс шаардлага тавих ёстой албан тушаалтнуудад хяналт, шаардлагаа сайжруулахыг хариуцлагатайгаар мэдэгдье” гэлээ.
Ч.ЗУЛ