Дархан-Уул аймагт ерөнхий боловсролын нэгэн сургуулийн гуравдугаар ангийн сурагч, найман настай Ж-г барьцаалсан хэрэг өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 18-нд гарч олныг цочирдуулсан. Гэмт этгээд хүүгийн эцэг, эх рүү ярьж 100 сая төгрөг нэхэмжилсэн бөгөөд хүүхдийн нүдийг боож, нэг өрөөндөө суулгаж байсан юм. Гэсэн ч маргааш орой нь суллан гэр рүү явуулжээ. Уг хэргийг тус аймгийн “ТВ-12” телевизийн захирал асан Г.Энх-Од үйлдсэн бөгөөд мөрдөн байцаалтын явцад тэрбээр хэргээ хүлээж “Буруу зүйл хийснээ ойлгож байна. Би хүүд муу зүйл хийгээгүй, хоол, цай өгч байсан” хэмээн мэдүүлсэн байдаг. Харин барьцаалагдсан хүүгийн аав, ээж рүү нь нууцалсан дугаараас залгаад “Хүү чинь энд байна, банк хаах дөхөж байна. Хаахаас нь өмнө 100 сая төгрөг олж өг. Тэгж байж хүүгээ ав, цагдаад хэлэх гээд үзээрэй, эргээд 30 минутын дараа залгана, хэрэв цагдаад хандвал охиныг чинь бид танина, охиноор чинь оролдож чадна шүү” хэмээсэн гэдэг.
Мөрдөн байцаалтын явцад тэрбээр телевизийнхээ 52.1 сая төгрөгийг завшсан гэх асуудал сөхөгджээ. Уг хэргийг Чингэлтэй дүүргийн шүүхэд хэлэлцсэн бөгөөд анхан шатны шүүхээс чанга дэглэмтэй хорих ангид гурван жил зургаан сарын хугацаагаар хорих ял эдл үүлэхээр шийдвэрлэсэн юм. Шүүхийн хэлэлцүүлгийн үеэр хохирогч хүүгийн аав “Чамайг эвгүй загнах юм бол охиныг чинь оролдоно шүү. Хэрэв мөнгөө гүйцээгээд өгчихвөл би энэ насандаа дахиж чамтай орооцолдохгүй гэж хэлсэн. Тэгснээ мөнгөө түргэн бэлтгээрэй, чи хүүхэдтэйгээ ярь” гэж хэлсэн. Гэтэл утасны цаад талд миний хүү “Ааваа намайг аваач ээ. Энэ хүн зодоод байна” гэж хэлэх сонсогдсон” хэмээн мэдүүлжээ. Анхан шатны шүүхээс Г.Энх-Од УИХ-ын гишүүн асан Л.Гансүхийн “ТВ-12” телевизийн хөрөнгийг завшсан нь хангалттай нотлогдохгүй байна гэж үзэж мөнгө шамшигдуулсан үйлдлийг нь хэрэгсэхгүй болгосон юм.
Харин Монгол Улсын нэгдэн орсон Хүн барьцаанд авахын эсрэг олон улсын Конвенцийн нэгдүгээр зүйлд “Хувь хүнээс аливаа үйлдэл гүйцэтгүүлэх зорилгоор шууд буюу шууд бус болзол тавьж олзлох буюу саатуулах, саатуулахаар заналхийлж буй аливаа этгээдийг хүн барьцаалах гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх”, Конвенцийн хоёрдугаар зүйлд “Оролцогч улс тус бүр I зүйлд заасан гэмт хэргүүдэд тэдгээрийн ноцтой шинжийг харгалзан зохих шийтгэл ногдуулах”-аар заасан. Өөрөөр хэлбэл, Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээний заалт, дотоодын хууль тогтоомжоос илүү хүчинтэй гэж анхан шатны шүүх үзжээ. Улмаар Эрүүгийн хуулийн 112 дугаар зүйлд зааснаар гурван жил зургаан сарын хорих ял оноосон.
Харин Нийслэлийн шүүх шүүгчдэгч Г.Энх-Од, түүний өмгөөлөгчийн гаргасан гомдлыг хэлэлцээд Эрүүгийн хуулийн 112 дугаар зүйлийн тайлбар хэсэгт заасан “Барьцаанд байгаа хүнийг сайн дураараа сулласан этгээдийн үйлдэлд өөр гэмт хэргийн шинжгүй бол түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх” тухай заалтыг үндэслэн эрүүгийн хариуцлагаас чөлөөлсөн байна. Уг нь нийтэд аюултай ийм үйлдэлд эрүүгийн хариуцлага ногдуулах нь энэ төрлийн гэмт хэрэг үйлдэгчдийг өөгшүүлэхээс сэрэмжлэх үндэслэл болмоор санагдана.