Монгол Улсад “Хун Лиан” хэмээх компани байгуулж, БНХАУ-аас “Мустанг”, “Кенбо”, “Хэнсин” маркийн мотоцикль оруулж, худалддаг байсан Ван Вэй Хун хэмээх хүнд холбогдох хэргийг Баянзүрх дүүргийн шүүх хэлэлцэхээр болжээ. Тэрбээр манай улсад төлөх ёстой их хэмжээний татвараас зайлсхийсэн хэрэгт холбогдсон бөгөөд мөрдөн байцаалтын шатанд 8000 мотоцикль хилээр оруулж, найман тэрбум төгрөгийн борлуулалтын орлогоо нуусан нь тогтоогдсон гэнэ. Үүний улмаас улсын төсөвт төвлөрөх ёстой 750 сая төгрөгийн татвар ороогүй аж.
Тэрбээр нэг удаа гаалийн татвар төлсөн бичиг баримтаа хуулбарлан Дорнод аймгийн харьяат иргэний нэр дээр уг 8000 мотоциклийг авчирсан байна. Түүнийг ийнхүү татвараас зайлсхийж, мотоцикль оруулж ирэхэд нь Дорноговь аймгийн иргэн А.Мэндбат гэх залуу тусалдаг байжээ. Шалгалтын явцад Ван Вэй Хуны хүргэн ах Хан Рун Пин гэгч Монголд татваргүйгээр оруулж ирсэн мотоцикльд арлын хуурамч дугаар цохин өгч байсныг илрүүлэн БНХАУ-аас оруулж ирсэн тусгай бэлдэц, цифр бүхий төмрийг хууль хяналтын байгууллагынхан эд мөрийн баримт болгон хурааж авсан гэнэ. Түүгээр зогсохгүй Автотээврийн газрын тамгатай, ямар нэг зүйл бичээгүй албан бланкийг Ван Вэй Хунгийнхаас их хэмжээгээр хураасан байна. Энэ нь Ван Вэй Хун Автотээврийн газрынхнаас хууль бусаар ийм бланк авсан байх магадлалтайг нотолж байна бус уу.
Түүнд холбогдох хэргийг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэст шалгасан бөгөөд шалгалтын явцад хууль бус үйлдлээ нуухын тулд Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн байцаагч нэгэнд 1.5 сая төгрөгийн хахууль өгсөн нь тогтоогдсон аж. Уг хэргийг шүүх хурал өнгөрсөн есдүгээр сард Баянзүрх дүүргийн шүүхэд болж, нэмэлт мөрдөн байцаалтад буцаах шийдвэр гаргасан. Харин уг шийдвэрийг НПГ-аас эсэргүүцэж, Нийслэлийн шүүхэд хандсан бөгөөд давж заалдах шатны шүүх нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан нь буруу гэж үзсэн байна. Тиймээс Баянзүрх дүүргийн шүүх уг хэргийг удахгүй хэлэлцэх аж.
Г.ОРЧЛОН