Дундговь аймгийн Засаг даргаар ажиллаж байсан Д.Чандманьд холбогдох хэргийг Чингэлтэй дүүргийн шүүхэд хэлэлцэв. Түүнийг албан тушаал, эрх мэдлээ урвуулан ашигласан байж болзошгүй хэмээн АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсээс шалгасан юм. Мөрдөн байцаалтын явцад гэрчүүд түүнийг мөнгө завшсан байж болзошгүй гэсэн тайлбар өгчээ. Тухайлбал, Дундговь аймгийн 70 жилийн ойн хандиваас хувьдаа хэрэглэсэн гэж иргэд гомдол гаргасан бөгөөд зарим гэрч түүнийг нь баталсан юм байх.
Нийслэлийн прокурорын газраас бичсэн яллах дүгнэлтэд түүнийг иргэн Дамдинбалын хандивласан мөнгийг завшсан гэж буруутгасан бөгөөд хохирогч нь Дундговь аймгийн ЗДТГ-ын Санхүүгийн алба гэжээ. Д.Чандмань шүүх хуралд дөрвөн өмгөөлөгч хөлслөн оролцсон юм.
Харин Чингэлтэй дүүргийн шүүхийн шүүгч Г.Буяннэмэх Д.Чандманийг гэм буруутай нь нотлогдохгүй байна гэж үзэн цагаатгалаа. Эл шийдвэрийг Нийслэлийн прокурорын газраас эсэргүүцэж, дараачийн шатны шүүхэд хандахаар болоод байгаа гэнэ.