“Гал үндэстэн” хөдөлгөөнийхөн Зэвсэгт хүчний Дорнод аймаг дахь цэргийн нэг ангиас их хэмжээний сум, галт хэрэгсэл, гар бөмбөг авсан болохыг хууль сахиулах байгууллагын ажилтнууд тогтоосон талаарх мэдээллийг бид авлаа. Ангийнх нь дугаарыг одоогоор нууцалж буй аж.
Бидний сонссоноор тус ангийн дарга энэ оны эхээр солигдсон юм байна. Тэр үеэр сум, галт хэрэгслийг гадагш гаргасан гэж үзэж байгаа юм байна. Энэ асуудалтай холбогдуулан дээрх ангийн эрх бүхий зарим алба хаагчийг шалгаж эхэлжээ. Байгаль орчныг хамгаалах иргэний хөдөлгөөнийхөн, “Гал үндэстэн” холбооны гишүүд “урт нэртэй” хуульд өөрчлөлт оруулахыг эсэргүүцэн хамтран жагсаал хийх үеэрээ Төрийн тусгай хамгаалалттай бүсэд галт зэвсэгтэй нэвтэрсэн нь олныг цочоосон.
Түүгээр ч үл барам олон хүн ажилладаг төрийн болон хувийн байгууллагад гар бөмбөг тавьж, тагнуул, цагдаа, онцгой байдлын ажилтнуудыг түргэн авахуулж, иргэдийн тайван байдлыг алдагдуулсан юм.
Хууль сахиулагчид тэднээс ангийн болон байлдааны дөрвөн буу, 140 гаруй сум, дэлбэрэх бодис, 20 шахам гар бөмбөг хурааж авсан. Тэд “Централ тауэр”-т явган цэргийн хориглолтын нэлээд тооны гар бөмбөг тавьсан байхыг цагдаагийнхан илрүүлж, аюулгүй болгосон билээ. Төрийн хамгаалалттай бүсэд зэвсэг, галт хэрэгсэл нэвтрүүлсэн, иргэдийн амгалан тайван байдал алдагдуулсан дээрх хэргийн гол зохион байгуулагч Ц.Мөнхбаяр нарт эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа. Хууль сахиулагчид тэднийг сум, галт хэрэгсэл хаанаас авав гэдгийг тогтоох гэж нэлээд ажилласан юм. Жагсаалд оролцогчдын нэг нь Төв аймаг дахь цэргийн нэг ангид ажиллаж байсан тул түүнийг сэжиглэн, тус аймаг дахь Зэвсэгт хүчний бүх анги салбарын зэвсгийг тоолоход бүрэн байжээ.
Д.ДАГВА