Сонгинохайрхан дүүргийн 82 дугаар сургуулийн сурагч Д ангидаа тусгай зориулалтын хий цацаж, ангийнхаа хэсэг сурагчийг хордуулжээ. Түүний цацсан хийнээс болж, тус дүүргийн нэгдсэн эмнэлэгт хэд хэдэн сурагч хүргэгдэж, хордлого тайлах эмчилгээ хийлгэсэн гэдгийг эх сурвалж мэдээллээ. Энэ талаар тус дүүргийн Цагдаагийн II хэлтсийн нэгэн ажилтнаас лавлахад “Сурагчид хийнд хордсон нь үнэн” гэхээс өөр зүйл хэлэхийг хүссэнгүй.
Прокурорын байгууллагын эх сурвалжаас хэргийн талаар лавлахад “82 дугаар сургуулийн сурагч Д гэдэг хүүхэд сургууль дээрээ цагдаагийн ажилтны тусгай хэрэгсэлд багтдаг амьсгал боогдуулагч хий цацсаны улмаас хэд хэдэн хүүхэд хордсон хэрэг өнгөрсөн баасан гаригийн 11.00 цагийн үед гарсан. Амьсгал боогдуулагч хий цацсан хүүхдийг шалгаж, хий хаанаас авсныг тогтоосон.
Д нь уг хийг өөр нэг хүүхдээс авсан гэдгээ мэдүүлж, зааж өгсөн. Тэр хүүхдийг шалгахад цагдаагийн байгууллагад ажилладаг ахаасаа авсан гэж тайлбарлалаа. Хэргийг үргэлжлүүлэн шалгаж байна. Хийнд хордсон хүүхдүүдэд анхны тусламж үзүүлсэн” гэж мэдээлэв.