Халуунд халж, хүйтэнд хөрч явдаг хүмүүсийн нэг бол цэргийнхэн. Босож суух, идэж уух, өмсөж зүүхээс эхлээд бүх амьдрал нь дүрмээр зохицуулагдана. Ямар сайндаа л цагаан зээр, цэргийн хүн хоёрт нутаг үгүй гэж ярьж байх вэ. Тэтгэвэрт гартлаа улсаа хэдэнтээ тойрон нүүж, суусан хүн эдний дунд цөөнгүй. Үгүй юм аа гэхэд хэдэн аймаг, сум дамжин амьдарсан офицер, ахлагч захаас аван бий. Хаа хэрэгтэй газарт тушаалаар явдаг болоод тэр шүү дээ. Тэтгэвэрт гарсан цэргийн хэнд нүүдлийн ая даахаа больсон цөөн чемодан, эмтэрхий голдуу аяга таваг, сургууль, багшаа хэдэнтээ сольсон сурлага тааруудуу хэдэн хүүхэд үлддэг гэвэл хэтрүүлсэн болохгүй. Ялангуяа, бага, дунд тушаалын офицер, ахлагч нарын амьдрал ийм л байдаг. Тэдэнд хамгийн чухал нь тогтсон гэр орон. Орон сууцтай болчих юм бол тэнгэрийн умдаг атгалаа л гэсэн үг. Тиймээс ч сүүлийн жилүүдэд цэргийн алба хаагчдыг орон сууцжуулах гэж багагүй хөрөнгө зарцуулах болсон.
Батлан хамгаалахын сайд асан Лу.Болд (одоо Гадаад харилцааны сайдын алба хашиж буй) өнгөрсөн оны эхээр офицер, ахлагч нартаа нэгэн том бэлэг барьж, 300 алба хаагчдаа орон сууцны эрх тараав. Цэргийнхэнд үүнээс том шагнал гэж юу байх вэ дээ. “Монгол Улсын төлөө зүтгэе” гээд л нөгөө эрхийн бичгийг нь авалгүй яахав. Ийм нэг цаас авсан танил маань тэр бичгийг нь бурхныхаа гуунд залж, өглөө бүр “Яам, командлал, сайд, дарга нарын минь буян” гэж залбирдаг байсан гэдэг. Хааяа олддог амралтын өдрөөрөө эхнэр, хүүхдүүдээ дагуулан, Цэргийн музейн хажууханд барьж буй арван давхар, дөрвөн байшинг үзүүлж, өөрсдийн орох байраа ёс юм шиг хардаг болсон гэж байгаа. Хоног хугацаа яваад байдаг, орон сууцандаа орох өдөр дөхөөд байдаг, барилгын ажил ахидаггүй. Ашиглалтад орох хугацаа нь өнгөрөөд бүтэн жил гаруй болчихоод байхад барилга бахь байдгаараа. Нэг их баяртай явсан найз минь сүүлийн үед нэг л дуу муутай болсон байсан нь ийм учиртай юм байж. Тэр барилга байшин нь яагаад ашиглалтад ордоггүй юм болоо гээд сонирхоод үзсэн чинь томоохон маапаан руу яваад орчихдог байгаа. Энэ тухай дор өгүүлсү.
Цэргийн музейн хашаанд барьж буй 300 айлын орон сууц
“СПЕЙШЛ”-ИЙНХЭН ГЭЖ ЦАГААНДАА ГАРСАН ЛУЙВАРЧИД БАЙНА, ЦААНА ЧИНЬ
Эх орон, ард түмнийхээ амгалан тайван байдлын төлөө гадаа гандаж, хөдөө хөхөрч, дайн тулаантай халуун цэгт энхийг сахиулж, тэр хэрээр Монгол Улсынхаа нэрийг дэлхий дахинд өргөж яваа офицер, ахлагч нарыг орон сууцтай болгохгүй байгаад хэн буруутай юм бол гээд БХЯ-ны холбогдох хүмүүстэй уулзсан чинь “Спейшл” гэдэг компанийн нэр дуулдав. Их танил, гэхдээ базаахгүй үйл явдалд хутгалдаж байсан санагдаад болдоггүй. Редакцдаа ирээд лавлавал, сэтг үүлч бидний эртний танил компани байлаа. Юу гэвэл, хуучнаар Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас “Цаг агаарт зориудаар нөлөөлөх үйл ажиллагааг 2015 он хүртэл хөгжүүлэх” хөтөлбөрийн хүрээнд борооны үүлний тархалт, шилжилт, бичил бүтцийг судлах зориулалттай радарын явуулын дөрвөн станц нийлүүлэх тендерт оролцож байсан хулхи нөхөд л дөө. Б.Баттулга захиралтай энэ компанийн ард УИХ-ын гишүүн, Байгаль орчин, хөдөөгийн хөгжлийн байнгын хорооны дарга асан “молекул” хэмээх Б.Батбаярыг байдаг гэж хүмүүс ярьдаг байсан юм. Б.Батхуяг гэдэг нь түүний хүү. Сүхбаатар, Өмнөговь, Говь-Алтай, Ховд аймагт өгөх дээрх дөрвөн станцын нэг бүрийн үнэ нь 330 сая төгрөг буюу нийт өртөг нь 1.9 тэрбум. Хугацаандаа нийлүүлээгүй, унжиж унжиж авчирсан дээрх дөрвөн станц нь шаардлага хангахгүй байсан тул буцааж байсан юмдаг. Гэтэл эрхэм гишүүн дээр дороос нь ярьж, аргаа барсан тус яамныхан засуулсан болоод авсан тухай хэвлэлд мэдээлж байсан. Улсын төсвийн хоёр тэрбум шахам төгрөгөөр шаардлага хангахгүй техник нийлүүлж, найдваргүйгээ харуулсан тус компанийнхан Зэвсэгт хүчний алба хаагчдыг орон сууцтай болгох 10 гаруй тэрбум төгр өгийн тендерт ялжээ.
“СПЕЙШЛ” ХӨМОТЭ БОЛСОН НЬ
БХЯ-ны удирдлагууд офицер, ахлагч нараа орон сууцтай болгохоор чамгүй ажил хийж эхэлсэн юм билээ. Ялангуяа, Лу.Болд сайдын үед. Тэр бүхнээс ажил хэрэг болсон нь байгаа л байх, болоогүй нь ч бас чамгүй. Энхийг сахиулагчдын нөхөн сэргээлтийн “Энхийн төлөө” цогцолбор, Зэвсэгт хүчинд насаараа зүтгэсэн генералуудад өгсөн хаус гээд алба хаагчдынхаа төлөө хийсэн ажил олон. Харамсалтай нь, татвар төлөгч бидний олон тэрбум төгрөгийг танил тал, найз нөхдөөрөө дамжуулан үрэн таран хийж байгааг хэлэхгүй өнгөрч боломгүй. БХЯ-ны сайд асан Лу.Болдын үед тус яамныхан алба хаагчдадаа Цэргийн музейн хашаанд 230 айлын, арван давхар гурван орон сууц бариулахаар болжээ. Тендер энэ тэрийг бол ёс төдий шалгаруулаа л байлгүй. Тэр тендерт нь УИХ-ын гишүүн асан “молекул” Б.Батбаярын хүүгийн “Спейшл” корпорац шалгарчээ. “Наад корпорацынхан чинь тэрбум гаруй төгр өгийн асуудалд холбогдож байсан. Найдваргүй эзэдтэй. Ийм хүмүүст бид дахиад олон тэрбум төгрөг өгөхгүй ээ” гэж Сангийн яамныхан анхааруулсан юм билээ. Гэтэл дээрх барилгыг Хөх Монголын тэнгэр буюу ХөМоТэ гэх компанийнхан барихаар болсон байна. 230 айлын гурван орон сууцан дээр нэмж 70 айлын бас нэг байшин барихаар тус яамныхан шийдвэрлэж, хөрөнгө мөнгийг нь төсөвлөжээ.
2011 оны есдүгээр сарын 9-нд 230 айлын орон сууц бариулах гэрээг гүйцэтгэгч компанитай байгуулж, арван давхар гурван байшингийн өртөг болох 7.9 , 70 айлын орон сууц бариулахаар 2.4, нийт 10.3 тэрбум төгрөгийг нэг мөсөн өгсөн байх юм. Захиалагч байгууллагууд гүйцэтгэгч нартаа барилгын гүйцэтгэлээр мөнгийг нь өгдөг юм билээ. Гэтэл БХЯ-ныхан суурийг нь ч ухуулалгүй мөнгөө өгсөн нь хачирхалтай. Гэтэл тэр ХөМоТэ гэх компани нэрээ өөрчилсөн болохоос нөгөө Мо даргын (УИХ-ын гишүүн асан “молекул” Б.Батбаярыг ангийнхан нь ингэж нэрлэдэг) хүүгийн “Спейшл” байсан юм билээ. Батлан хамгаалах яамны эрх бүхий хүмүүс мэдэж л байсан юм билээ. Гэрээ ёсоор 230 айлын орон сууцыг 2012 оны дөрөвдүгээр, 70 айлын орон сууцыг мөн оны хоёрдугаар улиралд ашиглалтад оруулах байв. Санх үүжилтээ 100 хувь авсан хэрнээ ашиглалтад оруулах хугацаа нь бүтэн жилээр хойшилжээ. Дээрээс нь энэ дөрвөн орон сууцыг дулаан, цахилгаанаар хангахгүй гэдгээ холбогдох байгууллагуудаас мэдэгдэж, НЗДТГ-аас гаргасан ийм 80 барилгын жагсаалтад оруулсан байна лээ. Тэгэхээр анхнаасаа техникийн нөхцөлөө ч аваагүй болж таарах нь. Татвар төлөгчдийн мөнгийг ингэж цацаж болно гэж үү. Энэ хөрөнгө Батлан хамгаалахын сайд асан Лу.Болдынх бус амьдралаа чадан ядан хүргэхийнхээ хажуугаар татвар төлдөг бидний мөнгө. Үүнийх нь төлөө сайд асан Лу.Болдоос эхлээд түүнтэй хамт ийм хууль бус зүйл хийсэн тус яамны холбогдох эрх бүхий албан тушаалтнуудад хариуцлага хүлээлгэх хууль Монголд байна уу. Нэг амаараа ардчилал, хариуцлага гэж ярьчихаад нөгөө тийшээ харахаараа эсрэг зүйл хийдэг байж таарахгүй.
Б.Баттулга захирал 300 айлын орон сууц барих санхүүжилтээ 100 хувь авсан хэрнээ “Гүйцэтгэгч тал банкнаас зээл авбал захиалагч хариуцна” хэмээн гэрээ байгуулсан байх юм. Үүнийг бүхэл бүтэн яамны удирдлага, зохих газар, хэлтсийнхэн, албан тушаалтнууд нь мэдээгүй гэвэл түүн шиг худал юм байхг үй. Энэ гэрээгээр бол одоо ХөМоТэгийнхэн банкнаас зээл авч, тэр барилгыг гүйцээнэ гэх юм байна л даа. Тэгээд тэр зээлийг нь Батлан хамгаалах яам гэрээнд зааснаар төлж таарна. Татвар төлөгчдийн мөнгийг ингэж хусдаг юм байна. Батлан хамгаалах яамны тухайн үеийн удирдлага “Спейшл” компанийнхантай холбогдсон өөр ч жим байдаг юм билээ. Бидэнд олдсон мэдээллээр БНХАУ-ын Засгийн газар, Батлан хамгаалах яам манай БХЯ-нд олон сая юанийн буцалтгүй тусламж үзүүлэхээр гэрээ байгуулсан. Энэ мөнгөний нэг хэсгээр дээр дурдсан “Энхийн төлөө” цогцолборыг байгуулсан гэдэг. Тус улсын Батлан хамгаалах яам тусламжийн зарим хэсгийг мөнгөөр бус, тухайн үед Монголд нэн шаардлагатай байгаа бараа, түүхий эдээр өгдөг юм байна. Үүнийг нь манай БХЯ-ныхан зах зээлд борлуулж мөнгө болгож авдаг аж. Хэний ч бодсон унацтай нь тодорхой энэ наймааны эрхийг “Спейшл” компанийнхан МЕSU буюу Еm I Es ХХК гэсэн нэрээр авсан байжээ. Энэ асуудлаар хууль хяналтын байгууллагынхан шалгаж байгаа сурагтай. Зарим эх сурвалжийн өгүүлснээр материал, түүхий эд зарж борлуулсан мөнгө нь Батлан хамгаалах яаманд орж ирээгүй гэх. Яагаад оруулахгүй байгаа юм бэ гэхээр “300 айлын орон сууцны санхүүжилтэд зарцуулсан” гэдэг гэнэ. Танайх санхүүжилтээ 100 хувь аваа биз дээ гэхээр “Тэгсэн, гэхдээ сүүлд нь 50 хувийг нь танайх буцаагаад авчихсан шүү дээ” гэж тус компанийнхан хэлдэг юм гэсэн. Хачирхалтай нь, 300 айлын орон сууцны санх үүжилтын 50 хувийг Батлан хамгаалах яамныхан буцааж авсан гэдгийг мэдэх хүн олдсонгүй.
-Бүтэн жилийн өмнө ашиглалтад авсан байх учиртай 300 айлын орон сууц одоо хүртэл яагаад баригдаж дуусаагүй байна вэ. Батлан хамгаалах яам юу хийж байгаа талаар тус яамны эрх бүхий нэгэн хүнээс тодруулахад:
-Бид гүйцэтгэгч компанийнхантай бараг өдөр бүр ярьж, долоо хоног бүр барилгын ажлын явцтай танилцдаг. Тийм том хэмжээний ажил авсан хэрнээ барилгын талбай дээр 20 шахам хүн ажиллаж байдаг. Бусад компанийг харж байхад нэг орцтой есөн давхар барилгад дор хаяж 60-70 хүн ажилуулж байж хугацаанд нь ашиглалтад өгдөг юм билээ. Хүн хүчээ нэмж, барилгыг ашиглалтад яаралтай өгөх талаар шаардлага тавихад “хөрөнгө мөнгө дутагдалтай байна” л гэдэг юм. Саяхан нэг очиход манаачаас нь өөр хүнгүй байсан. Танайхан хаачаа вэ гэсэн чинь “Нөгөө барилга дээр байгаа гэсэн” Хаана юун барилга вэ гэж асуухад” Гадаад харилцааны яамны захиалгатай барилга барьж байгаа” гэж байна лээ. Манай яамны захиалгат барилгын гүйцэтгэл 60 шахам хувьтай байгаа хэмээн өгүүлэв. Цэргийн музейн хашаанд барьж буй 300 айлын орон сууцны ажлын явцыг үзэхээр очлоо. Манаачаас нь гадна 4-5 барилгачин аар шаархан зүйл хийж байгаа харагдав. Юун хүн, хаанаас ирэв гээд их болгоомжлонгуй харж байна. Нэг залуутай уулзаж,барилгын ажил яагаад удаашраад байгаа талаар тодруулахад:
-Энэ жил дуусгахаасаа ч өнгөрлөө. Удахгүй хүйтрэхээр тэртэй тэргүй ажил зогсоно. Ядаж дулаан өгөхгүй гэсэн. Манай боссууд уурын зуух барина ч гэх шиг сонин юм яриад байна лээ. Манайхаас сүүлд эхэлсэн барилгынхан дулаан авчихсан байх юм.
-Танайхан цөөхүүлээ харагдаж байх чинь
-Аан нөгөө барилга дээр ажиллаж байгаа.
-Бас өөр барилгын ажил аваа юу?
-Гадаад харилцааны яамны Ёслол хүндэтгэлийн өргөө гэсэн байх аа. Тийм барилга барьж байгаа.
-Энэ орон сууцны ашиглалтад орох хугацаа аль хэдийнэ өнгөрсөн, яагаад удаашраад байгаа юм бэ?
-Зөвшөөрөл, хөрөнгө мөнгө гээд асуудал байгаа юм шиг байна билээ.
-Танай захирлууд санхүүжилтээ 100 хувь авчихсан юм байна лээ шүү дээ?
-Тэгдэг л юм. Цаад яамныханд нь бас их юм байдаг бололтой дуулдсан шүү гээд цааш явлаа. За ямар ч гэсэн олон офицер, ахлагч хүлээсэн байрандаа ирэх жилээс нааш орохгүй нь тодорхой боллоо. Найз минь удахгүй орон сууцанд орох юм чинь гээд гэрээ дулаалаагүй, түлээ, нүүрсээ базаагаагүй байсан. Ирэх жил ч гэсэн тэр орон сууц нь ашиглалтад орох нь тодорхой бус. Гэрээ дулаалж, түлээ, нүүрсээ тат гэж хэлэхээс дээ. Дээр дурдсан бусад асуудлыг холбогдох байгууллагууд шалгаж шийдэх биз ээ. Ийнхүү Мо даргын хүүд барьсан Батлан хамгаалахын сайд асан Лу.Болдын “бэлэг” орон байртай болчих гэсэн цэргийн олон алба хаагчийг хохироож байна.
Д.ДАГВА