Төв аймгийн Мөнгөнморьт суманд энэ сарын 18-нд осолдсон “А-Жет лимитед” компанийн “Ми-8” нисдэг тэрэгний ослыг хууль хяналтын байгууллагынхан шалгаж буй. Осол гарсны дараа цагдаагийн ажилтнууд нисдэг тэрэгний багийн гишүүдийг түр саатуулаад сулласан. Нислэг, техникийн эцсийн дүгнэлт гараагүй ч бидэнд зарим зүйл тодорхой болоод байна. Тухайлбал, энэ нисдэг тэргийг өмнө нь МИАТ компанид ашиглаж байсан аж.
“А-Жет лимитед” компанийн захирал Уламбаяр ч тус компанид нисэх багийн даргаар ажиллаж байсан юм байна. Осолдсон нисдэг тэргийг тус компанийнхан МИАТ-аас хэзээ авсан нь тодорхойгүй. Нисдэг тэрэгний ашиглалтын хугацаа 25, онгоцных 30 жил байдаг гэнэ. Тэгвэл осолдсон “Ми-8”-ын ашиглалтын хугацаа дуусаад даруй долоон жил болж байжээ. Энэ нисдэг тэргийг Микояны нэрэмжит үйлдвэрт 1981 онд үйлдвэрлэжээ.
Онгоц, нисдэг тэрэгний ашиглалтын хугацаа дууссаны дараа үйлдвэрлэгчид нь өгч иж бүрэн шалгалт хийлгэдэг бөгөөд тэд эрэг боолтоос эхлээд бүх эд анги, хадаас нэг бүрийг шалгаад дахин хэдэн жил ашиглаж болох баталгаа өгдөг аж. Энэ баталгааг үндэслэн манай ИНЕГ-ын Нислэгийн аюулгүй байдал, хяналт зохицуулалтын албанаас нислэг үйлдэх зөвшөөрөл олгодог юм байна. Бидэнд олдсон мэдээллээр осолдсон “Ми-8” нисдэг тэрэгний үйлдвэрлэгчийн баталгаа олдохгүй байгаа бололтой юм. Энэ тохиолдолд дээрх нисдэг тэргээр нисэхийг зөвшөөрсөн нь тус албаны буруу болохоор байна. Онгоц, нисдэг тэрэг хаана ч осолдсон бай үйлдвэрлэгчид нь заавал ирж үздэг, шалгадаг гэх. Энэ дагуу Микояны нэрэмжит нисдэг тэрэгний үйлдвэрийн шинжээч, мэргэжилтнүүд манайд ирж, ослын газарт очжээ. Тэд осол болсон газар орон, техникийн зарим үзүүлэлт, материалтай танилцаад “Энэ тохиолдолд манай нисдэг тэрэгнээс болоогүй, танай нисгэгчдийн буруу байна шүү дээ” гэж хэлээд буцсан аж.
Мөн осолдсон “Ми-8” нисдэг тэрэгний багийн дарга Эрдэнээд хээрийн суулт хийх эрх байсан эсэх нь нэлээд маргаантай байгаа гэх юм. Ийм эрхгүй тохиолдолд аэродромоос өөр газарт нисдэг тэргээ буулгахыг хориглодог ажээ.
Д.Дагва