“Шихихутаг” дээд сургуулийн багш асан өмгөөлөгч Б.Минжүүрдорж, өмгөөлөгч Ц.Ариунболд нар 2012 оны долдугаар сарын 28-нд Баянзүрх дүүргийн Цагдаагийн хэлтэст дуудагдсан Л.Батмөнхөд зөвлөгөө өгөхдөө “Хохирогчийн ар гэрийнхэнтэй тохиролц” гэж хэлжээ. Л.Батмөнхийн эгч нь өмгөөлөгчдийн зөвлөснөөр хоёр сая төгрөгийг Л.Батмөнхийг буруутган цагдаад мэдүүлсэн хүмүүст өгсөн байна. Харин энэ үйлдлийг нь ашиглан дээрх хоёр өмгөөлөгч Баянзүрх дүүргийн Цагдаагийн хэлтсийнхэнд нотлох баримт болгон зориуд мэдүүлж, Л.Батмөнхийг дахин хэрэгт унагах, улмаар тэднээс мөнгө “хүүлэх” зохион байгуулалттай арга сэдсэн байж. Анх 2012 оны наймдугаар сарын 2-нд Л.Батмөнхийг өмгөөлөхөөр Б.Минжүүрдорж түүнтэй гэрээ байгуулжээ. Тэрбээр эрх зүйн туслалцаа үзүүлэх явцдаа үйлчлүүлэгч Л.Батмөнх, түүний эгч Л.Батцэцэгээс өмгөөллийн хөлснөөс гадна 8.6 сая төгрөгийг өмгөөлөгчийн туслах байсан найз Ц.Ариунболдтойгоо бүлэглэн залилж авсан хэрэгт буруутгагдсан байна.
Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148.2-т зааснаар Б.Минжүүрдорж, Ц.Ариунболд нарт холбогдох хэргийг Баянзүрх дүүргийн анхан шатны шүүхээр өнгөрсөн пүрэв гаригт хэлэлцэв. Болсон явдлын талаар дээрх хоёр этгээдэд залилуулсан гэх Л.Батмөнхийн гэр бүлийнхэн шүүхэд мэдүүлжээ. Хохирогч Л.Батмөнх нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн холбогдох заалтаар буруутгагдаж байгаа бөгөөд одоогийн байдлаар гэм буруутай нь шүүхээр эцэслэн тогтоогдоогүй байгаа юм. Тэрбээр төрсөн ахынхаа найз гэгдэх өмгөөлөгч Ц.Ариунболдын санал тавьснаар Б.Минжүүрдоржийг хөлсөлжээ. Эхлээд тэд хохирогчийн эгч Л.Батцэцэгээс 2012 оны наймдугаар сарын 2-нд өмгөөллийн хөлсөнд хоёр сая төгрөг нэхсэн байна. Тэгэхэд нь гэрээ байгуулахдаа нэг саяыг нь өгөөд үлдсэнийг нь хэд хоногоос өгөхөөр тохиролцжээ. Маргааш нь буюу 2012 оны наймдугаар сарын 3-нд хохирогч Л.Батмөнхөөс “Эгчдээ битгий хэлээрэй. Хэргийг чинь хэрэгсэхгүй болгоно” гээд Б.Минжүүрдорж, Ц.Ариунболд нар дахин 1.6 сая төгрөг авсан аж. Ингээд түүнтэй холбогдох хэргийг хаасан хэмээн Б.Минжүүрдорж Л.Батцэцэгээс үлдсэн нэг сая төгрөгөө нэхэхэд нь “Metro Mall” дэлгүүрийн орчимд машинд нь тоолж өгсөнөөр хэрэг дуусгавар болжээ. Гэтэл Л.Батмөнхийн эхнэр рүү Баянзүрх дүүргийн прокурор болон, Цагдаагийн газраас хэд хэдэн удаа ярьж нөхрийг нь асуусан гэнэ. Үүнээс хойш хоёр сарын дараа Л.Батмөнхийн хэрэг өөр мөрдөн байцаагчид шилжсэн тул дахин шалгахаар болжээ. Улмаар Л.Батмөнхийг 2012 оны аравдугаар сарын 19-нд Цагдан хорих 0461 дүгээр анги руу авч явсан байна.
Хэрэг нь хаагдсан байхад яагаад дүүг нь хорих анги руу авч явсан талаар өмгөөлөгч Б.Минжүүрдоржоос асуухад “Цагдаагийн мэдлээс гараад явчихлаа. Одоо прокурор л мэднэ” гээд утсаа тасалсан гэнэ. Тун удалгүй Ц.Ариунболд залгаж “Хэрэг явдал улам хүндэрлээ. Одоо прокурор дээр нам дарахгүй бол болохгүй. Их мөнгө шаардлагатай шүү. Мөнгөө бэлдэж байгаарай” гээд 10 сая төгрөг нэхсэн гэнэ. Харин Б.Минжүүрдорж “Ариунболд дунд нь хутгаж байгаа юм, гурван сая төгрөг л хэрэгтэй” гэж хэлсний дагуу шаардсан мөнгийг нь 2012 оны аравдугаар сарын 23-нд Б.Минжүүрдоржийн данс руу шилжүүлсэн байна. Ийнхүү Б.Минжүүрдорж, Ц.Ариунболд нар нийт дөрвөн удаагийн үйлдлээр 9.2 сая төгрөг авсан нь тогтоогджээ. Үүнээс 600 мянгыг нь өмгөөллийн бичиг хийж өгсөн гээд хассан байна. Үүгээр ч зогсохгүй үйлчлүүлэгчийнхээ овог болон хэзээ хоригдсоныг нь мэдэхгүй байсны дээр Л.Батмөнхийг хорих ангид байхад нь уулзахаар очихдоо 10 сая төгрөг нэхэж, “Гэрийнхэндээ хэлбэл хохино шүү” хэмээн сүрдүүлсэн гэнэ. Тиймээс хохирогчийн гэр бүлийнхэн Б.Минжүүрдоржид хандан луйвардан авсан мөнгөө өгөхийг шаардсан боловч тэрбээр буцааж өгөөгүй тул түүний талаар 2012 оны арваннэгдүгээр сарын 5-нд Монголын өмгөөлөгчдийн холбооны Ёс зүйн хороонд гомдол гаргасан байна.
Ёс зүйн хорооноос Б.Минжүүрдоржтой холбогдох гомдлыг шалгаад, түүнийг өнгөрсөн хугацаанд өмгөөлөл явуулах эрхгүй байсан талаар мэдээлжээ. Тиймээс Б.Минжүүрдоржийг өмгөөлөх эрхгүй хугацаандаа өмгөөллийн туслалцаа үзүүлж, Л.Батм өнхийг луйвардсан эсэхийг шалгуулахаар Баянз үрх дүүргийн Цагдаагийн хэлтэст ханджээ. Тэднийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148.2-т зааснаар бусдын эд хөрөнгийг залилаж авахаар урьдчилан үгсэн тохиролцож, албан тушаалаа урвуулан ашигласан гэсэн зүйл ангиар буруутгаж, Б.Минжүүрдорж, Ц.Ариунболд нарын хэргийг Баянзүрх дүүргийн шүүхээс таслан шийдвэрлэсэн байна. Хохирогчдыг ажил мэргэжил, албан тушаалаа урвуулан ашиглан, зохион байгуулалттай эд хөрөнгө, сэтгэл санаа, амь насаар нь хохироочихоод дөнгөж таван сар баривчлах ялаар шийтгүүлж байгаа нь хэр шударга бол. Тэд энэ үйлдлээ хийхдээ “Таньдаг том хүн бий. Миний олон шавь нар тусална” гэх мэтээр амлалт өгч, итгэл үнэмшил төрүүлсэн ч эцэст нь “Би өмгөөлж дийлсэнгүй. Үнэхээр хэцүү хэрэг байна” хэмээн худлаа ярьж залилан хийдэг байна. Ийм хүмүүс өмгөөлөгч нэрийн дор нуугдсан байгааг дээрх хэрэг гэрчилж буй.
Б.БЯМБАСҮРЭН