Өмнөх Засгийн газрын сүүл үед Эрүүл мэндийн сайдаар ажиллаж байсан Н.Хүрэлбаатарт холбогдох хэргийг УМБГ-аас харьяаллын дагуу АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэст шилжүүлжээ. Түүнийг мөнгө угаасан, авлига авсан хэрэгт сэжиглэн шалгаж байгаа юм. Дээрх хэрэгт холбоотойгоор түүний хүү Энхбат, иргэн Батаа нарыг хамт шалгаж буй. Н.Хүрэлбаатарын хүү Энхбатын Хан-Уул дүүргийн XV хорооны нутаг, Зайсан дахь “Рапид харш” хотхоны 5А байрны 35 тоот орон сууцнаас 2011 оны хавар төмөр шүүгээтэй 600 орчим сая төгрөгтэй тэнцэх хэмжээний валют алдагдсан хэрэг гарсан. Тэр үед манай сонин энэ талаар мэдээлж байсан ч хууль хяналтын байгууллагынхан үргэлжлүүлэн шалгалгүй өнгөрөөсөн. Тухайн үед Энхбатын найз бүсгүй Б.Болортуяаг цагдан хорьж шалгасан бөгөөд хулгай хийсэн этгээдүүд “Наад эмэгтэй чинь энэ хэрэгт ямар ч хамаагүй” гэсэн мессеж Н.Хүрэлбаатарын хүүгийн гар утас руу илгээж, улмаар төмөр шүүгээг нь онгойлгож чадалгүй, Төв цэнгэлдэх хүрээлэнгийн дэргэдэх хогийн цэгт хаяснаа мэдээлсэн байсан юм.
Хууль хяналтын байгууллагынхан мессеж илгээсэн дугаараар хөөж шалгахад утасны эзэмшигч иргэн “Миний утсыг гуйж нэг залуу мессеж бичээд 5000 төгрөг өгсөн. Тэр хүн “Ахынх нь утас цэнэггүй болчихлоо” хэмээсэн” гэж тайлбарласан гэдэг. Хуулийн байгууллагынхан төмөр шүүгээг онгойлгоход дотор нь хоёр сая 245 мянган юань (Монголбанкны 2011 оны ханшаар 419 сая гаруй төгрөг) болон 6000 ам.доллар гарч байжээ. Тэр үед хүү Х.Энхбат нь “Аав энэ төмөр шүүгээг манайд тавьсан. Юу байгааг нь би мэдэхгүй” гэж тайлбарлажээ. Хүү нь мөнгөний талаар ямар нэгэн зүйл мэдэхгүй байсан байж магадгүй. Тэр үед Н.Хүрэлбаатар мөнгөний талаар хууль хяналтын байгууллага, хэвлэлийнхнээс нууцалж байсан гэх. Эрүүл мэндийн сайд асан Н.Хүрэлбаатарын хүүгийн гэрээс алдагдсан их хэмжээний мөнгө нь бусдаас хахуульд авсан, мөнгө угаасан гэмт хэргийн замаар олсон хөрөнгө байж болзошгүй үндэслэл байгаа учраас өнгөрсөн хавраас УМБГ-т дахин шалгаж эхэлсэн юм.
Энэ үеэр Н.Хүрэлбаатар хилээр гарсан бөгөөд “Мөрдөн байцаалтаас оргосон” гэж бичиж байв. Гэвч тэрбээр зургадугаар сарын 7-нд эх орондоо очно хэмээн шавь нараараа дамжуулан мэдэгдэж, тухайн өдрийнхөө 22.10 цагт Сөүл-Улаанбаатар чиглэлийн онгоцноос буумагц нь цагдаагийнхан баривчилсан. Түүнийг баривчилсны дараа хүү болон иргэн Батаа нарыг батлан даалтад сулласан бол өнгөрсөн есдүгээр сард Н.Хүрэлбаатарт авсан таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн гадуур гаргасан юм. Түүнээс хойш энэ хэрэг хэрхсэн нь сураггүй. Баттай эх сурвалжийн мэдээлснээр хэргийн мөрдөн байцаалт хэвийн үргэлжилж буй бөгөөд УМБГ, АТГ-ын хамтарсан Ажлын хэсэг Н.Хүрэлбаатар нарт холбогдох хэргийг шалгаж байснаа өдгөө зөвхөн АТГ-ын мөрдөн байцаагч нар байцаалтаа үргэлжлүүлж буй гэнэ. Тэд мөнгөний эх үүсвэрийг тодорхойлох, хэрхэн олж авсныг тогтоохоор ажиллаж буй аж. Мөнгөний эх үүсвэр нь тодорхой болсон гэх мэдээлэл буй ч хууль хяналтын байгууллагынхан “Шалгалт дуусаагүй болохоор энэ талаар хэлэх эрт байна” хэмээсэн.
Г.РАВЖАА